Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 1 дүгээр сард 1 удаа хуралдаж 5 асуудал хэлэлцэн 5 тогтоол баталлаа. Үүнд:
1. “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталж, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, жил бүр аймгийн ИТХ-д танилцуулан, ард иргэдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад, хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллахыг аймгийн бүх шатны төр, төсвийн байгууллагуудад даалгаж, нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
2. “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” төслийн барилга байгууламж баригдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжлээ.
3. Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй сүрлэн барилгын ашиглалтын хугацаа дуусаж анхны өртгөөрөө элэгдлээ нөхөж цаашид сэргээн засах боломжгүй болсон тул уг үндсэн хөрөнгийг акталж данснаас хасахыг зөвшөөрлөө.
4. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй газрыг бүртгэлээс хасаж нийтийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрлөө.
5. Цагааннуур суманд христийн шашны “Цагааннуур мөнх амин үг баптист чуулган” сүм байгуулж дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олголоо.
ЕРӨӨ, ХҮДЭР СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛД ШАЛГАН ЗААВАРЧЛАХ АЖЛЫГ ЯВУУЛАВ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бат-Орхон болон тус зөвлөлийн гишүүд 2025-01-06 өдөр Ерөө, Хүдэр суманд ажиллалаа.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Боловсролын ерөнхий хууль, Байгаль орчныг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тус сумдын ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгч үр дүнг тооцох зорилгоор ажиллаж буй юм.
Шалган зааварчлах ажлын хүрээнд:
Сумын хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил;
Сумын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил;
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл, түүний шийдвэрлэлт;
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд төсөвлөсөн хөрөнгө, түүний зарцуулалт, 2025 онд төсөвт тусгасан хөрөнгө, зохион байгуулах арга хэмжээний санал;
Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл болон ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулах юм.
Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр:
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хүлээн авсан гомдол мэдээлэл, үзүүлсэн хариу үйлчилгээ, шийдвэрлэлт, үр дүн;
Хүүхэд хамгааллын хамтарсан багаас 2024 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэр;
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулсан сургалт, нөлөөллийн арга хэмжээний үр дүн;
ЕБС-ийн багш, ажилтан болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулж, зөвлөгөө өгсөн байдал болон сургууль цэцэрлэгийн орчинд дотор гадна орчны аюулгүй байдлыг хангасан байдал, дотуур байрны орчин нөхцөл зэргийг шалган зааварчилж ажиллаж байна.
Тус ажлын бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Байгаль орчны газрын дарга удирдлагууд болон холбогдох албан хаагч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын ерөнхий Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти Зоне” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг эх сурвалжаас бодитой гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Уг санг хэрэглээнд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр (2025-01-20) зохион байгуулж байна.
Сургалтыг прокурорын байгууллагын сургагч багш, “Ай Ти Зоне” ХХК-ийн программист, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй явуулж, эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар мэдээлэл өгч, практик сургалтыг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээний 360 гаруй эрх бүхий албан тушаалтныг 7 удаагийн сургалтад хамруулахаар эхний ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.
АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА С.ПҮРЭВСАМДАНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон хурандаа С.Пүрэвсамданг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2025-01-21) хүлээн авч уулзлаа.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан ажлаа авсан даруйдаа Сэлэнгэ аймгийнхаа Алтанбулаг, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Сайхан, Баянгол, Мандал, Хүдэр сумдад биечлэн ажиллаж тус сумдын гал унтраах, эрэн хайх, аврах хэлтэс, анги, цэгийн бүтээн байгуулалт, барилга байгууламж, гал унтраах болон шуурхай албаны автомашин, гал унтраах, аврах багаж, техник хэрэгслийн нөхцөл байдал, албаны бэлтгэл, бэлэн байдалтай танилцсан байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бат-Орхон цаашид тус газрын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд ажлын амжилт хүслээ.
АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ I ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн I хурал өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14.00 цагт эхэллээ. Хурлаар:
1.”Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллагуудад олгогдсон санхүүжилтийн хүрээнд хийгдсэн ажлын танилцуулга. /Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс/
2.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх урт хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох тухай
4.Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх кримнологи судалгааны ажлын явц байдлын талаарх мэдээллийг сонсох болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ АГСАНД
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиосон юм.
П.Очирбат Ерөнхийлөгчийг таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.
Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын дарга, албан хаагчид өнөөдөр /2025-01-24/ талийгаачид хүндэтгэл үзүүлэн 1 минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийллээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЖЕНДЭРИЙН СУДАЛГААНЫ БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАНА
Монгол улсын Төрийн албаны зөвлөл болон Жендэрийн үндэсний хорооноос хамтарсан судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллахаар ирлээ. Жендэрийн үндэсний хорооны Техникийн зөвлөх Т.Амгалан, Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн Үндэсний шинжээч Б.Онон, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын дарга А.Амарбал нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2025-01-27) хүлээн авч уулзлаа.
Судалгааны багийнхан жендэрийн талаарх чиг үүргийн хэрэгжилт, төрийн албанд тулгамдаж байгаа жендэрийн асуудлын талаар мэдээлэл авах зорилготой бөгөөд 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж, 29-ний өдөр сонгогдсон сумдын дарга нартай ганцаарчилсан ярилцлага хийнэ гэлээ.
ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН СҮМ ХИЙДИЙГ ШАЛГАН ТАНИЛЦЛАА
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нутгийн удирдлага, хууль хяналт, цахим бодлогын хороо”, “Нийгмийн бодлого, хүний хөгжил, ёс зүйн бодлогын хороо”-дын хамтарсан бүрэлдэхүүн өнөөдөр (2025-01-28) Түшиг, Цагааннуур сумын зарим сүм хийдийг шалган танилцлаа.
Түшиг суманд “Түшиг цуглаан”, Цагааннуур суманд “Мөнх амин үг Цагааннуур сүм”-ийг шинээр байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг дээрх сүмүүдээс аймгийн ИТХ-д хандан ирүүлээд буй. Хурлын Төлөөлөгчдөөс холбогдох Бодлогын хороодыг сүм хийдэд газар дээр нь ажиллуулж, санал дүгнэлт гаргасны дараа шийдвэрээ гаргахаар асуудлыг хойшлуулаад байсан юм.
Үүний дагуу хоёр Бодлогын хороодын дарга, гишүүд өнөөдөр тус сумдад очиж сумын удирдлагуудын санал хүсэлтийг сонсож, сүмүүдийн дотоод журам, үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө (газар, байр), урсгал чиглэл, санхүүжилт, цуглаанд хамрагддаг насанд хүрээгүй хүмүүсийн бүртгэл, аймгийн ИТХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-д заасны дагуу холбогдох бичиг баримтын бүрдлийг хангасан эсэх болон Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдал зэрэгт хяналт шалгалтын ажлыг явууллаа. Бодлогын хороод шалгалтын дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх саналын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулснаар дээрх сүмүүдэд зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг хурлын Төлөөлөгчид эцэслэн гаргана.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА