2021-02-04
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 6 удаа хуралдаж давхардсан тоогоор 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 8 хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан гишүүн тус Байнгын хорооны 2021-2023 онд “Төрийн өмчийн 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгон өөрчлөх” ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Одоогийн байдлаар БШУ-ны яам болон бусад холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг 6 баг гарган 21 аймагт өөр өөр нутаг дэвсгэрийн бүсэд баригдсан сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга байгууламжийг судлах судалгаа хийгдэж байна. Хамгийн гол нь маш сайн шилдэг технологийн шийдлийг олж гүйцэтгэлээ чанартай хийх ёстой. Дэд ажлын хэсэг 4 сарын 15-ний өдрөөс эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.