Энэ оны 04-р сарын 1-9-ний хооронд Болгарын Софи хотноо болсон Болгарын ерөнхийлөгчийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд манай улсын залуучуудын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 49 кг, 56 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын шигшээ багт багтан тус тэмцээнд Ховд аймгийн уугуул Жаргалант сумын 12 жилийн 3-р ахлах сургуулийн 12-р ангийн сурагч, Ховд аймгийн "Болор бээлий" боксын клубын тамирчин Баярхүүгийн Буяндалай 49 кг-ийн жинд орон орны ширэн бээлийтнүүдтэй өрсөлдөн, мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнөөдөр орон нутагтаа хүрэлцэн ирлээ.
Дэлхийн тавцанаа Монгол улсынхаа нэрийг гаргаж, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан Б.Буяндалайг аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, "Болор бээлий" боксын клубын дасгалжуулагч багш А.Магсаржав нар болон 12 жилийн 3-р ахлах сургуулийн хамт олон, багш сурагчид, найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлэн угтан авлаа.