Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулан уг дэд хөтөлбөр нь 2017-2026 он хүртэл хоёр үе шаттай явагдах бөгөөд хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан эрүүл дундаж наслалтыг уртасгах гол зорилгын дагуу хэрэгжинэ.
Улс, зүүн бүсийн аймгуудын дундаж наслалтаас Дорнод аймгийн хүн амын дундаж наслалт харьцангуй бага, 21 аймгийн хувьд дундаж наслалтаар 20 дугаар байранд байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.
Дэд хөтөлбөрийг Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Хүний нөөц, Эрүүл мэндийн санхүүжилт, Эрүүл мэндийн технологи, Эм зүйн тусламж үйлчилгээ, Мэдээллийн технологи, Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал гэсэн үндсэн найман чиглэлийн дагуу хэрэгжүүлнэ.
Тухайлбал: Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд: Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган, нэгдсэн зохицуулалтаар ханган, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, Орчны эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, арилгах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, Хүн амын эрүүл зохистой хооллолтыг дэмжин, хүн амын дундах жингийн илүүдэл, амин дэм, эрдэс бодисын дутлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, Хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан үр дагаварыг судлах, эрт сэрэмжлүүлэх, насанд тохирсон өвчний эрт илрүүлэг хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг чухал ач хоблогдол бүхий зорилтуудыг тусгажээ.
“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-т заасан зорилтын үе шатны зорилт болон хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байна гэж үзэж байна.