Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж тус дүүргийн 1 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багаас “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” төслийг дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, 23 дугаар сургууль, "Мон сүү" ХХК-тай хамтран дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв оролцоё” сэдэвт сургалтыг 23 дугаар сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа.
Сургалтад нэгдүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүд, ЧД-ийн Замын Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Сүхбат, Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч н.Отгонтамир нар оролцлоо.
Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч н.Отгонтамир сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв оролцоё” лекц уншиж, Хүүхэлдэйн баатар Шүгэлхүү урилгаар хүрэлцэн ирж хүүхэд багачуудын сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн үеэр хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, нугалбар тараасан байна.
“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” хамтран ажилласан байгууллага, 23 дугаар сургуулийн багш сурагчдад баярлалаа.