Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй үнийн жороор үйлчлэх журамд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг /2017.04.20/ зохион байгуулж, шинэчилсэн журамд иргэдийн саналыг тусгасан билээ.
Үүний дагуу Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын даргын хамтарсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй эмийг жороор олгох тухай тушаал 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд Өрхийн эрүүл мэндийн 5-н төвөөр дамжуулан жорын бичилтийг хийж эхэллээ.
Өмнө нь гардаг байсан хүндрэлийг багасгах, зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй эмийг тараах үүднээс энэхүү хамтарсан журмыг батлан мөрдөж байна. Ингэснээр иргэд өмнө нь эмийн санд дугаарлан хөнгөлөлттэй эмийг авдаг байсан бол харин одоо Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт үзүүлж өөрт тохирох эмийн жорыг бичүүлэн эмээ авах боломжтой боллоо. Зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй эмийг хүргэж санхүүгийн эрсдэлийг буурахад энэхүү журмын гол зорилго оршиж байна.
Шинэчилсэн журамд эмнэлгийн байгууллагын даргын баталсан үнийн хөнгөлттэй жор олгох хуваарийн дагуу сарын турш үзлэг хийж, жор бичих, эмч үйлчлүүлэгчид шаардлагатай үзлэг оношилгоог стандартын дагуу 15 минутаас доошгүй хугацаанд хийж, үүнд үндэслэн өдөрт 25-30 жорыг бичих, өвчний онош, эмнэлзүйн үе шатанд тохирсон эмийн жор бичих зэрэг нөхцөлүүдийг тусгажээ.