Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хүүхдийн номын ордон хамтран “Эх хэлний зөв хэрэглээ-Хотын соёл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.10/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ, Иргэний танхимын дарга Д.Гантулга болон Төв номын ордон, Захирагчийн алба, төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнууд, боловсролын салбарын төлөөллүүд, Дархан сумын багуудын ИНХ, ЗДТГ-ын удирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд, иргэдээс бүрдсэн 60 гаруй хүн оролцож, эх хэлний зөв хэрэглээний талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Дархан хотыг аймаг болгон өөрчилсөн. Харин Дарханчууд бид үргэлж хотын статусыг эргэн сэргээх тухай асуудлыг хөндөж ирсэн бөгөөд УИХ-аас Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дахин яригдаж эхэлсэн. Хотын статус нь хотын соёл гэсэн сэдэвтэй салшгүй холбоотой. Хотын иргэдийн соёл эх хэлний зөв хэрэглээ, зөв харилцаанаас эхлэлтэй. Хотын статустай болох тухай асуудлын угтал болж, бид эх хэлний зөв хэрэглээний тухай хэлэлцэж буй нь цаг үеэ олсон хэрэг юм” хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд “Хууль Эрх зүй-Эх хэлний зөв хэрэглээ”, “Орон нутагт эх хэлний зөв хэрэглээ”, “Хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх асуудал” зэрэг мэдээллүүдийг тавьсан юм.
Монгол хүн бүрийн өөрийн мөн чанар, төрөлх шинжийг илэрхийлэх цорын ганц хэрэгсэл болох эх хэлэндээ эзний ёсоор хандах, зөв хэрэглэх, хамгаалах, эх хэлнийхээ цэвэр ариун байдлын төлөө тэмцэх нь иргэн нэг бүрийн үүрэг байх ёстой.
Гэтэл төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг, мэдээлэл, товхимол, олон нийтэд зориулсан зар, албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамжид үг үсэг, утга найруулгын алдаа түгээмэл байна.
Мөн интернет орчноос иргэд бүх төрлийн мэдээ мэдээллийг авч, өөрийн орон зайд хувь хүн бүр нийтлэгч болж буй нь нэг талаар орчин үетэй хөл нийлүүлэх боломж хэдий ч нөгөө талаар хэл бичгийн буруу хэвшлийг олон нийтэд бий болгож буй.
Энэ нь иргэд, өсвөр үеийнхэнд бичгийн болон харилцааны буруу дадлыг бий болгох сөрөг нөлөөтэйг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Хэдийгээр Дархан сумын ИТХ-аас 2014 онд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-ууд гадна хаягийг монгол бичгээр бичиж байрлуулах шийдвэр гарган, хэрэгжиж байгаа боловч дээрх алдаанууд бүрэн арилахгүйгээр үл барам давтагдсаар байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөв. Хамгийн гол нь хүмүүс, тэр дундаа өсвөр үеийнхэн ном уншихаа больсон нь эх хэлний зөв хэрэглээ алдагдахад нөлөөлж байгааг онцолж байна.
Тиймээс Төрийн албан ёсны хэл, бичгээр хаягийг жигдрүүлэх, нэгэнт хэвшсэн гадаад үгийг кирилл үсгээр бичих, албан байгууллага, ААН, орон сууцны байршлыг гудамж, байрны дугаараар нэршиж занших, илэрхий буруу хэвшсэн болон монгол хэлээр хэрэглэж болох гадаад үгийн жагсаалтыг гарган нийтэд зарлах зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгтэйг ярилцлаа.
Эцэст нь аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат "Зөв бичгийн хэрэглээний тухай хууль эрхзүйн акт монгол улсад хангалттай бий. Харин хууль, дүрэм журмын хэрэгжилтэд бүх нийтээрээ анхаарал тавьж ажиллах ёстой. Төрийн байгууллагад бүх алдаа дутагдлыг тохож, ачаалал үүрүүлэхээс илүү эцэг эхчүүд хүүхдүүдээ ном уншуулж сургах нь үндэсний хэл соёлоо хамгаалж байгаа эхний алхам юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс ирсэн саналыг үндэслэн нийгмийн бүх салбарт хэл бичгийн зөв хэрэглээг түгээх, түүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, засаж залруулж, заавар зөвлөгөөг өгч ажиллах “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” байгуулахыг дэмжиж байна гэв.