Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим болон ГХУСАЗСЗ хамтран “Өсвөр үе-Бидний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.17/ зохион байгууллаа.
“Өсвөр үе-Бидний ирээдүй” хэлэлцүүлгийн эхний шат бүх ерөнхий боловсролын сургууль тус бүрт зохион байгуулж, сурагч нэг бүрийн саналыг авч нэгтгэсэн бөгөөд нэгдсэн байдлаар өнөөдөр бүх ЕБС-ын 110 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Хэлэлцүүлгийн эхэнд “Өсвөр насны хүүхэд залуусыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдаагийн газрын ГБХХГУС ахлах байцаагч, цагдаагийн хошууч Р.Мөнхтуяа, “Өсвөр насны сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба гэр бүл хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Соёлмаа нар тус тус мэдээлэл хийсэн юм.
/2017 оны эхний 4 сарын байдлаар 11 гэмт хэрэгт 14 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 1.2, холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.Хүүхдүүд ихэвчлэн хулгай, танхай, булаалт, дээрмийн гэмт хэрэг, хүчингийн гэмт хэргийг үйлдэж байгаа бөгөөд Сургуулийн хүрээнд бусдыг дарамтлах, дээрэлхэх, нэр хоч өгөх, айлган сүрдүүлэх, мөнгө авах, татах, бусдыг зодох зөрчлүүд гардаг./
Гэтэл Хуулинд зааснаар 14-18 насны хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээх бүрэн чадамжтай гэж үздэг ба өсвөр залуу үеийнхэн болчимгүй үйлдэл, санаандгүй алдаа, бусдын уруу таталтад автаж амьдралдаа хар толбо үлдээх явдал багагүй гарч байгаа юм.
Тиймээс хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдохгүй байх, гэмт хэрэгтний золиос болохгүй байхын тулд юунд анхаарах тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэлээ.
Мөн “Цэнхэр халим” гэдэг интернет тоглоомонд өсвөр насныхныг уруу татах явдал сошиал орчинд дэлгэрч байгаа бөгөөд энэ нь эцэстээ тоглогчийг амиа хорлоход хүргэдэг аюултай тоглоом байдаг учраас анхаарал сэрэмжтэй хандаж, уг тоглоомоор тоглох санал ирүүлсэн тохиолдолд цагдаагийн газарт шууд хандах хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр анхааруулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүдийн зүгээс бүх төрлийн мэдээллийг цахим орчноос авдаг тухайгаа илэрхийлээд цахим орчин дахь гэмт хэргээс өөрсдийгөө болон найз нөхдөө хэрхэн хамгаалах тухай асууж байлаа.
Мөн тэд сурагчдыг зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагууд сургуулийн зөвлөлтэй хамтран ажиллах, хонхны баярыг баасан гарагаас өөр ажлын өдрүүдэд зохион байгуулах, орхигдсон барилга, байгууламжуудад тогтмол эргүүл хийх, насанд хүрэгчид хүүхдүүдтэй хамтран ажиллахын тулд өөрсдөө маш сайн хөгжих зэрэг олон саналуудыг гаргасан юм.