Монголын анхны томоохон үйлдвэрлэгчдийн нэг Дархан Минж” ХХК-ийн 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд хүрэлцэн очиж, баяр хүргэсэн юм.
Дархан Минж ХХК-ийн хамт олон 25 жилийн ойн баяраа дарханчуудтайгаа хамтдаа тэмдэглэж, баярын жагсаал, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан Минж ХХК-ийн нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, тус компаний Ерөнхий захирал Б.Анхболдыг Дархан хотын “хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.
Мөн аймгийн удирдлагууд, тус байгууллагын ТУЗ-ийн гишүүд Дархан Минж ХХК-ийн үе үеийн шилдэг ажилчдад аймаг, орон нутгийн болон салбарын шагналыг гардуулсан юм.
Дархан Минж ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан бөгөөд салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм.
Өнөөдрийн байдлаар арьсыг хагас болон бүтэн боловсруулах, нэхий бэлэн гадуур хувцас, эдлэл, ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэн борлуулахаас гадна нэхий эдлэлд цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж байна.
Дархан хотод байрлах боловсруулах үйлдвэр нь жилдээ 250 000 ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл,бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монгол орны байгал цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна.
Мөн тус байгууллага нь Дархан-Уул аймгийн 260 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь хариуцан ажиллаж байна.