Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хууль, эрхзүйн хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.26/ зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт албаны төлөөллүүд, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААНБ-уудын төлөөлөл, жолооч нар оролцсон бөгөөд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Хууль зүйн сайдын 2015 оны А/190” дүгээр тушаал, түүний 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Т.Ганхуяг, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл”-ийг Хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан нар тус тус танилцууллаа.
Манай аймагт 2012 оноос хойш хүн амын тоо харьцангуй бага нэмэгдсэн атлаа авто машины тоо даруй 4 дахин нэмэгдэж, авто замын ачаалал ихэсжээ.
Тиймээс аймгийн Цагдаагийн газраас оруулсан саналын дагуу Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 100 дугаар тогтоолоор “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр байршуулах хашаа ажиллуулах асуудлыг шийдвэрлэсэн боловч хэрэгжих хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан байна.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 62.2.-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” хэмээн заасны дагуу уг тогтоолыг хүчингүй болгож, олон нийтээр дахин хэлэлцүүлж байгаа юм.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам талбайн хамрах хүрээ цагийг тусгасан аж.
Тодруулбал: Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос 6 дугаар багийн Гэгээ дэлгүүр хүртэлх зам байнгын, 5 дугаар багийн 18-ын буудлаас Өргөө багийн 4 замын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас Дархан номин хүртэлх уулзвар, 11 дүгээр баг ОУХТ-ийн баруун талын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас АЗДТГ-ын уулзвар, Анагаахын их сургуулийн уулзвар хүртэлх замуудад өглөөний 08.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл түр болон удаан хугацаагаар зогсохыг хоригложээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах нь манай аймгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлогт тохирохгүй, цаг үеэ олоогүй шийдвэр хэмээн үзэж буйгаа илэрхийлж, хэрвээ замын тэмдэг тэмдэглэгээ, зогсоолын асуудлыг бүрэн шийдээгүй тохиолдолд уг шийдвэрийг баталбал олон нийтийн дургүйцлийг төрүүлнэ хэмээн иргэд үзэж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулснаар Дархан-Уул аймгийн нийтийн тээвэр салбар цэгцэрч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, жолооч нарын соёлтой оролцоог дээшлүүлэх үр дүнтэй ажил болно хэмээн иргэд дэмжлээ.
Харин үүний тулд ачиж тээвэрлэх 6 чиглэлийг эхний ээлжинд нэн эрсдэлтэй орчмыг хэсэгчлэн явуулах, торгуулийн үнэ тарифыг орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, ачиж тээвэрлэх үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар бус харин Замын цагдаагийн тасаг хариуцан гүйцэтгэх, нэн тэргүүнд зогсоолын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг иргэд тавьж байна.
Эдгээр хүмүүсийн саналыг тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд тусгаж, дахин шинэчлэн боловсруулах бөгөөд улмаар аймгийн Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцүүлэх юм.
Эцсийн шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргана.