Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлыг хүрээний агентлаг болон хуулийн байгууллагуудаас үзүүлж байгаа ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2017.05.26/ аймгийн хуулийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгийг Олон улсын худалдааны төвийн урд талбайд явууллаа.
Өдөрлөгийн үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Анхан шатны болон давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим зэрэг 14 хуулийн байгууллага газар өмчлөх, гарын хээний дардас, цусны бүлэг тодорхойлох, галт зэвсгийн бүртгэл, зөвлөгөө, торгуулийн хуудасны талаарх лавлагаа, нэхэмжлэлийг үнэ төлбөргүй бичих, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ зэрэг нийт 27 нэр төрлийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай үзүүлсэн юм. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, авлига ашиг сонирхлын зөрчилтэй тууштай тэмцэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх замаар иргэдийг аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг хангах зорилгыг тавьсан.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөр, “Архигүй Монгол хүн”аймгийн дэд хөтөлбөр, мөн хуулийн байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийн түвшинг сайжруулах зэрэг олон талт ажлуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр энэхүү хуулийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгийг явуулсан ажээ. Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх лавлагаа олгож, жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэний материалыг хүлээн авч, галт зэвсэг улсын хилээр оруулах худалдах, тусгай дуут дохио ашиглах, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Улсын бүртгэлийн
хэлтэс хаяж гээгдүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч торгуулийн хэмжээг 90
хувиар буюу 1000 төгрөг болгож бууруулахын зэрэгцээ Архивын лавлагаа гадаад
паспортын хүчинтэй хугацааны сунгалт, гадаад паспорт шинээр авах материал
мэдүүлгийн хуудас, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, хуулийн
этгээдийн бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг тус
тус иргэдэд түргэн шуурхай үзүүлжээ.