Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Төлөөлөгчид, хяналтын хороод, ажлын албаныхан Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаатай /2017.05.30/ танилцлаа.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг тус компаний Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал К.Энхчулуун, ТТХ-ийн дарга Ж.Ганбаяр, Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнэ нар хүлээн авч уулзаж үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал болон “Уул уурхайн Металлургийн цогцолбор” байгуулах төслийн талаар мэдээлэл өгөв.
Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь анх 1990-1993 он Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн төмрийн хүдэр олборлон, боловсруулж ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагджээ.
Эхний ээлжид хаягдал түүхий төмрийг боловсруулж, барилгын материалын арматур, булан төмөр, ган бэлдэц үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө өөрийн нөөц бололцоонд тулгуурлан Герман, Италийн техник технологиор жилд 20,000 тн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна.
Мөн Төмөртолгой, Төмөртэй ордуудаас төмрийн хүдэр олборлож эхэлсэн бөгөөд Төмөртэй орд нь 229,3 сая тн, Төмөртолгойн орд нь 25 сая тн-ын нөөцтэй гэж тогтоогдсон байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь Сэлэнгэ аймаг дахь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхайн чиглэлийн 22.9 км төмөр зам, Сэлэнгийн Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сум чиглэлийн 104.5 км хатуу хучилттай авто зам, цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВт-ын 16МВт чадалтай Төмөртэй дэд станцыг өөрийн хөрөнгөөр байгуулсан нь орон нутгийн томоохон бүтээн байгуулалт болж чадсан байна.
Төмөрлөгийн үйлдвэр нь цаашид түүхий төмөр ашиглахаас гадна байгалиас шууд олборлосон түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, улмаар гадаадын зах зээлд нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна хэмээн тус компанийн Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнэ ярилаа.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших төмрийн хүдрийн уурхай, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн төмрийн хүдрийн үндсэн гурван ордыг эзэмшиж байна. Эдгээр ордуудыг нэгдсэн бодлоготойгоор зөв ашиглаж чадвал Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлээд эдийн засгийн үр шимээ өгөх боломжтой гэдгийг тус компаний удирдлагууд онцолж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт “Уул уурхай металлургийн цогцолбор” үйлдвэр байгуулах ажлууд хийгдсээр байгаа юм.
“Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл 2020 онд хэрэгжиж дуусах ба цогцолбор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх талаар компанийн удирдлагууд хэллээ. Цогцолбор үйлдвэр ажиллаж эхэлснээр одоогийн үйлдвэрлэлтэй харьцуулахад өртөг зардал багасах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, дэлхийн жишигт хүрсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монголын гангийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнтэй бүх талаар өрсөлдөх том боломжтой болох билээ.
Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат: “Манай орны хувьд төмрийн үйлдвэрүүд хаягдал төмрөөс хараат байдаг. “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл бүрэн хэрэгжсэнээр энэ хараат байдлаас гарах боломж нээгдэж, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар нь улам л нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд ингэснээр гадаад валютын урсгалыг наашлуулан, тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Мөн ажлын байр нэмэгдэж, манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт одоогийн байдлаар уурхай, үйлдвэр нийлээд 1400 орчим хүн ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь Дарханы харьяалалтай иргэд байна. Цаашид 1000 гаруй ажлын байр нэмэгдүүлэх боломжууд харагдаж байна. Мөн 2016 оны байдлаар улсад нийт 8,7 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд үүний 6,6 тэрбум нь Дархан-Уул аймагт оруулжээ. Үүнээс харахад Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь манай аймгийн эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, түшиц байгууллага учраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулахад орон нутгийн зүгээс дэмжиж, хамтарч ажиллана” хэмээн онцлов.