Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” болон "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, "Прокурорын тухай хууль”, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулиуд ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг сургагч багшийн сургалтад хамруулсан. Тухайн сургагч багш нар Нийслэл, хөдөө орон нутгийн хуулийн байгууллагын албан хаагчдад энэ сарын 12-ны өдрөөс эхлэн сургалт явуулж эхэлсэн. Харин зургаадугаар сарын 19-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдах сургалт өнөөдөр эхэллээ. Тус сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын МБАХТХ-ийн хяналтын прокурор Д.Баянжаргал ахлагчтай ажлын хэсэг удирдан зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нээж үг хэллээ. Энэхүү сургалтанд аймгийн прокурорын газрын прокурор, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнууд, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд, аймгийн Цагдаагийн газрын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, Гадаадын иргэн харъяатын газрын албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, Гаалийн байцаагч нар, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид зэрэг албан хаагчид оролцож, 5 өдрийн турш шинэ хуулийн таниулга сонсох аж.