Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд стандарт хэрэгжилтийн түвшинг тогтоох, стандартыг хэрэгжүүлж ажиллуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/141 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн хүрээнд хамтарсан шалгалтыг явуулсан байна. манай аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 12 аж ахуй нэгж байгууллага байдгаас хот хооронд 5, хот орчмын 3, хот доторх 5-н компани үйл ажиллагаа явуулдаг ажээ. Энэ удаад хот доторх зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгч 5-н байгууллагад хяналт тавьжээ. “Элит хөгжил” ХХК нь 21 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 95,7 хувьтай үнэлэгджээ. Харин Шар зам ирээдүй хоршоо нь 33 тээврийн хэрэгсэлтэй ба 78 хувь, Дархан алтан жолоо компани нь 19-н тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 66.6%, Мөнх дархан хөсөгтөн 68%-тай үнэлэгджээ. Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаанд 2 төрлийн стандарт мөрдөгддөг. Том болон бага оврын автобусны хувьд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд MNS 5012:2011, суудлын жижиг тэрэгт нийтийн тээвэр, такси үйлчилгээ техникийн шаардлага MNS 5122:2013 стандарт мөрдөгддөг ажээ. Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хийсэн шалгалтын дүнг ажлын хэсэгт танилцуулан тохирлын гэрчилгээг олгох ажээ.