ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан-Уул аймаг дахь хууль зүй, дотоод
хэргийн салбарын харьяа агентлаг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж,
ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ уулзалтын зорилго нь аль нэг байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт
өгч, хянаж шалгах биш салбарын хууль тогтоомж, бодлого анхан шатны нэгж дээр
хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, хуулийг гардан хэрэгжүүлж өдөр тутам
иргэдтэй харилцаж байгаа ажилтан, албан хаагчдаас санал сэтгэгдлийг нь сонсохдоо
оршиж байгааг С.Бямбацогт сайд онцолж хэлсэн юм.
Дархан-Уул аймаг хүн ам ихтэй. Бусад аймаг руу дамжин өнгөрөх иргэдийн
урсгал тасардаггүй болохоор аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын
харьяа агентлаг байгууллаггууд нэлээд ачаалалтай ажиллаж байгааг уулзалтын үеэр
хэлж байв.
Аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрыг олон улсын стандарт,
аюулгүй байдлын дүрэм журам хангахгүй байна гэсэн шаардлагыг Хүний эрхийн
үндэсний комисс болон холбогдох байгууллагаас удаа дараа тавьсан байна. Мөн
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мөрдөн байцаагч сэжигтнээс тусгай
өрөөнд мэдүүлэг авах учиртай аж. Гэтэл Цагдаагийн газар ийм боломж, нөхцөл хомс
байгааг албаныхан хэлж байлаа