Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний үе шат 2002-2007 онд, хоёр дахь шат 2008-2013 онд тус тус хэрэгжсэн бөгөөд хоёр шатны төслийн үр дүнд “Төсвийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж 2013 онд Орон нутгийн хөгжлийн сан бий болсон. Тус сангийн хүрээнд орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлэх, иргэдийн санал үндэслэн төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Эхний хоёр төслийн хүрээнд бий болсон ололт амжилтыг бататгах, нутагшуулах, сайн засаглалыг дэмжих, ОНХС-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Тогтвортой амьжиргаа – 3” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.09.12/ сайн туршлагыг нэвтрүүлж чадсан Дархан-Уул аймагт анх удаа үндэсний хэмжээний сайн туршлага судлах 2 өдрийн сургалтыг зохион явуулж байна.