Монгол Улсын Засгын Газрын “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” уриан дор Монголын тогооч нарын нэгдсэн холбоо, Мастер тогоочдын холбоо хамтран 2017 оны 9 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо "Chinggis khaan challenge cup 2017" олон улсын тогооч нарын уралдаан болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгаа төлөөлж орон нутгийн мэргэжлийн холбоодын шийдвэрээр 5 тогооч, 1 нарийн боовчин нийт 6 тогооч амжилттай оролцоод иржээ. Өнөөдөр /2017.09.14/ аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тогооч нарт хүндэтгэл үзүүллээ. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол улсын мастер тогооч Ганзул, Шарын гол ХК-ийн тогооч Д.Алтанцэцэг, Дархан хүнс ХК-ийн тогооч В, Баярбилэг, Жүр үр ХХК-ийн дархан салбарын ажилтан н. Ганзориг, Дархан нэхий ХК-ийн Гранд як рестораны ахлах тогооч П.Болдбаатар, ДДЦС-ын тогооч Ж.Ганбаатар, 24-р цэцэрлэгийн тогооч Ц.Отгон, Шарын гол сумын 2 дугаар сургууль дахь “Оргинбадрах” ХХК-ийн тогооч С. Наранпэл нар оролцож Дархан нэхий ХК-ийн Гранд як рестораны ахлах тогооч П.Болдбаатар хүрэл медаль, ДДЦС-ын тогооч Ж.Ганбаатар нь хонины махан хоолны төрөлд мөнгөн медаль, гахайн махан хоолны төрөлд хүрэл медаль хүртсэн бол Гранд як рестораны ахлах тогооч П.Болдбаатар нь хонины махан төрөлд мөнгөн медаль, загасны махан төрөлд тусгай байранд шалгарчээ. Мөн Монгол улсын мастер тогооч Ганзул салатны төрөлд хүрэл медаль, Шарын гол ХК-ийн тогооч Д.Алтанцэцэг нь салатны төрөлд тусгай байр, шувууны махан хоолны төрөлд хүрэл медаль авсан байна. Дархан хүнс ХК-ийн тогооч В.Баярбилэг салатны төрөлд тусгай байр, Жүр үр ХХК-ийн Дархан салбарын ажилтан н. Ганзориг нарийн боовны төрөлд мөнгөн медаль хүртжээ.