Ёслолын үйл ажиллагааг төрийн ёслол, шашны зан үйлээр хамтарч үйлдэн Монгол Улсын далбаа, Нийслэлийн туг болон Чингэлтэй дүүргийн тугийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлэн их овоондоо мэхийн ёсолсноор эхэллээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ онд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Бидний хамтдаа хийсэн, бүтээсэн бүхэн маань дүүргийнхээ 25 жлийн ойд барих бэлэг болж байна. Их хайрханы маань тэнгэр, лус савдаг, сүлд хийморь ариун дагшин байж ард иргэд, хамт олны минь хүсэл зорилго сэтгэлчлэн бүтэж түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн байхын сүүн цагаан цацал өргөе. Хайрхан уулын тэнгэр, сахиус хүн бүрийг ивээж, хийморь зоригийг бадраах болтугай. Эрдэм ном, эд баялгийн өглөгт Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа хөгжицгөөе” гэдгийг онцолсон юм.
Шашны уламжлалт ёсоор Жанчивлан хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайллаа. Дараагаар Засаг дарга Ж.Эрдэнэбат хайрханд хандсан захирамжийн айлтгалаас адис аван, сүсэгтэн олонд дуудан уншиж, галын бурханд өргөлөө.
Лам хуврагууд хайрханд иргэдийг даатган ном хурж тэнгэр, сахиусыг тайх даллагын тариа будаанаас хишигтэн олонд зэд хүртээсэн юм. Өргөл мөргөлийн ёслолыг үйлдсэний дараа иргэд сүсэгтэн олон их овооноос гороолон буулаа.