Эрхэм хүндэт иргэд ээ, зочид төлөөлөгчдөө, Чингэлтэйчүүдээ,
Чингэлтэй дүүргээрээ овоглодог, оршин суудаг, ажил амьдралаа холбосон эрхэм хүндэт иргэд, оршин суугчдадаа болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Та бүхэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.
2017 онд Чингэлтэй дүүрэг гал голомтоо бадраан, их хотын хойморт эрдэнийн хайрхан уулынхаа алдар нэрийг авсан шинэ дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Түүх бүтээсэн 25 жилийн ой бол Чингэлтэй дүүргээр овоглодог, оршин суудаг, ажил амьдралаа холбосон хүн бүхний баяр юм.
Одоогоос 25 жилийн тэртээд буюу 1992 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг байгуулагдсан юм. Жил бүрийн энэ өдөр дүүргийнхээ туг далбааг Чингэлтэй хайрхандаа ёслол хүндэтгэл үзүүлэн мандуулж байхаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол 2015 онд гарсан билээ. Ийнхүү Их Монгол Улсын эзэн Чингис хааны алтан ураг, ард иргэд, Хөх толбот Монголчууд өвөг дээдсийнхээ үеэс эхлэн хэдэн зуунаар үе уламжлан тахиж, онголон шүтэн ирсэн Хан Хэнтийн нурууны салбар уул, Алтан тэвшийн хөндийн хойморт нар, хураа наадуулан, налайж мишээсэн Чингэлтэй хайрханаа тахиж , дүүргийнхээ иргэдийн баярыг хийхээр та бид хуран цуглараад байна.
Чингэлтэй маань найман зүгтээ буянт үйлийн босоо тавилантай, өглөг даллагын цай, торгоны замтай, настан буурлууд, эхэс нялхаст ивээлээ хайрласан, эрдэмтэн мэргэд, лам, хуврагт бясалгал оюуны ухаарал бэлэглэсэн ариун дагшин хайрхан билээ. Энэ сайхан хайрханаа Чингэлтэйчүүд бид хайрлан хамгаалж, тахин шүтэж, хүндлэн бахархах учиртай.
Ингээд Чингэлтэй дүүргийн “Иргэдийн баяр”-ын ажиллагаа нээснийг мэдэгдье.
Их хайрханы маань лус савдаг, сүлд хийморь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн эргэлтэд ариун дагшин байж, ард иргэд байгууллага, хамт олны минь хүсэл зорилго сэтгэчлэн бүтэж, түмэн олон Та бүгдийн минь буян заяа тэгш дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын сүүн цагаан цацал өргөж ерөөл дэвшүүлье.