Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах, түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт өнөөдөр /2017.10.03/ болж байна. Тус сургалтыг аймгийн БОАЖГ, ОБГ, Дархан ойн нөхөрлөлийн холбоо ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг танхимын болон хээрийн нөхцөлд явуулж байгаа ажээ.
Манай аймгийн хэмжээнд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдсэн 58 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэд өнөөдрийн танхимын сургалтаар Ойн нөхөрлөлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, Ой хээрийн түймэртэй тэмцэхэд нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, Нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөлт, 2017 оны эхний 9 сарын байдлаар гарсан түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авч, ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Харин Хээрийн өртөөчилсөн дадлага сургалтыг өнөөдөр 14:00 цагт аймгийн ОБГ-аас бэлтгэсэн дадлага сургалтын газарт хийх юм. Энд ой хээрийн түймэр унтраах гар багаж хэрэгсэлтэй танилцах, үлээгч, ус шүршигч аппаратуудтай ажиллах зарчимтай танилцах дадлага, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх арга ажиллагаа, газар зүй – орон зайн дадлага зэрэг сургалтыг явуулна.