Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн санаачлагаар Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, Монгол –Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг хамтран Монгол улсын хойд хилийн Алтанбулагаас урд хилийн Замын-Үүд боомт хүртэл 1088 километрийн “North South 1088” анхдугаар аяллыг зохион явуулж байгаа билээ. Тус аяллын багийнхан өнөөдөр /2017.11.03/ манай аймгаар дайран өнгөрлөө. Өглөөний 07.30 минутад тус багийн гишүүд Дархан-Уул аймгийн “Морин хуур” цогцолбороос Зүүн Хараагийн чиглэлтэй хүлгийн жолоо залсан юм. Мэргэжлийн тамирчин биш ч гэсэн дугуй унах сонирхлоороо нэгдсэн 9-н тамирчин 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс аяллаа эхлүүлсэн бөгөөд 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх ажээ. Дугуй унаснаар стресс ядаргаа тайлагдан зүрх уушгины үйл ажиллагаа сайжирч чихрийн шижин цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж илүүдэл жин багасах ач тустай.