Орхон-Чулуут голын сав газрын захиргаа Орхон голын сав газарт хамаарах
Архангай аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт,
Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган гэсэн есөн сум, Орхон аймгийн
Баян-Өндөр, Жаргалант сум, нийт 11 сумын нутаг дэвсгэрийг хамруулан
гадаргын болон газрын доорх ус, усны барилга байгууламж, ус ашиглалт,
хамгаалалтын байдалд усны тоо бүртгэлийг хийжээ.
Архангай аймгийн дээрх есөн
сумын нутагт нийт 231 гол горхи тоологдсоноос устай 215, тасарсан нэг,
ширгэсэн 18 байна. Ихтамирт 13, Цэнхэрт нэг, Булганд дөрвөн гол ширгэсэн
байна. Энэ онд хийсэн тооллогын дүнг өмнөх 2011 оны улсын тоо бүртгэл,
болон сум орон нутагт хийсэн тоо бүртгэлийн дүнтэй харьцуулахад эргэж
сэргэн урссан гол горхи байхгүй байна.
Булаг шандны хувьд нийт 327
булаг шанд тоологдсоноос ширгэсэн 28, түр урсацтай 5 булаг байна.
Ихтамирт тав, Цэнхэрт дөрөв, Батцэнгэлд 17, Өлзийтөд хоёр булаг ширгэсэн
байна.
Нийт 66 нуур тоологдсоноос Өгийнуур суманд хоёр нуур
ширгэсэн байна. Дээрх сумдад 602 худаг тоологдсоноос 432 нь гүн өрмийн,
167 нь энгийн уурхайн буюу гар худаг байна.
Орхон Чулуут голын сав
газрын захиргаа нь 2015 онд БОНХАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ба
нийт найман аймгийн 53 сумын 53786,89 км кв нутаг дэвсгэрийг хамардаг
Орхон гол, Архангай аймгийн найман сум, Хөвсгөл аймгийн гурав,
Баянхонгор аймгийн гурав, Завхан аймгийн хоёр сумын 20078,0 км кв нутаг
дэвсгэрийг хамарсан Чулуут голын сав газрын асуудлыг хариуцан ажилладаг
байна.