Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн барилга Улсын төсвийн хөрөнгө
оруулалтын 399 сая төгрөгөөр баригдаж 2015 онд ашиглалтад оржээ. Тендерт
шалгарсан Хасу Мандал ХХК 2011 онд барилгын ажил эхлүүлж, 2012 оны 7-р
сард ашиглалтад өгөх байсан ч 2015 оны 12-р сард ашиглалтад хүлээлгэн
өгчээ.
Ашиглалтад орсон өдрөөсөө эхлээд бохирын шугам хагарсан, халаалтын тогоо цоорсон, дулааны шугам цоорсон, дотор
засал муу хийгдсэний улмаас будаг шохой хуурч унасан гээд олон асуудал
дагуулсан Эрүүл мэндийн төвийн барилга одоо ч үйл ажиллагаа явуулах
шаардлага хангахгүй байгааг эмнэлгийн эмч, ажиллагсад ярьж байна.
Эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар Хасу Мандал ХХК-д эвдрэл гэмтлүүдийг
засч өгөх хүсэлт гаргасан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй хоёр
жил болжээ. Барилга ашиглалтад орсон анхны жилдээ магадлан итгэмжлэхийн
шинжилгээнд орж хангалтгүй үнэлгээ авч байжээ. Одоо ч барилгын хануудад
цууралт үүссэн, мөөгөнцөртсөн, хаалганы бариул нугас нь эвдэрсэн, уурын
зуух нь ус алдалттай, дусаал дусдаг, бохир нь гадагшлахгүй үнэртдэг гэх
мэт олон асуудал байдаг гэнэ.
Энэ тухай аймгийн Газрын харилцаа
барилга хот байгуулалтын газраас тодруулахад “Өгийнуур сумаас ирсэн
хүсэлтийн дагуу Хасу Мандал ХХК 2016 онд зарим засварыг хийж өгсөн.
Дахин шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна” гэв.
Барилгын
тухай хуульд тухайн барилгын гүйцэтгэгч компани гүйцэтгэлийн буруугаас
үүссэн гэмтлийг гурван жилийн дотор хариуцах ёстой байдаг ба харин
ашиглалтын явцад гарсан зөрчилд хариуцлага хүлээдэггүй юм байна.