Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Т.БАТСҮХ: ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ТӨРӨЛ САДАН, ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСИЙН ХҮРЭЭНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА

2017-11-28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Тогосын Батсүхтэй ярилцлаа.

Он дуусахад нэг сарын хугацаа үлдэж байна. Танай байгууллагын зүгээс оны эхэнд дэвшүүлсэн зорилтоо хэр зэрэг биелүүлж байна?
-  2017 оны хувьд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй байлгахад түлхүү анхаарна гэж зорилт дэвшүүлсэн. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг шуурхай явуулах, иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй байхыг зорьсон. Нэгдүгээр зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, олон нийтэд нээлттэй байлгах асуудлыг зохицуулсан журам гарсан. Журмын хүрээнд улирал бүр аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Жишээлбэл, тухайн улиралд ямар гэмт хэрэг голлон гарсан, иргэд юунд анхаарах уу, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар санал, санаачилга гаргаж байна, үүнд иргэд яаж оролцож байна гэдгийг дараагийн улирлын эхний тав хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээж байгаа. Хоёрдугаарт аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сумууд болон аймгийн төвийн томоохон аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа. Мөн зарим тодорхой төрлийн гэмт хэргүүдийн өсөлт, гаралтын байдалтай холбоотой иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хийж байна.

 -Энэ хугацаанд хэчнээн гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн вэ?
- Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Түүнээс хойш 585 гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээж авсан. Үүнээс 148 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 57-д нь хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 101 хэрэг байна. Прокурорын байгууллага нийтдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 249 хэрэгт хяналт тавьж ажилласан. Шүүхэд 125 хэрэг шилжүүлж, 41 хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байгаа. Мөрдөн байцаалт явуулсан хэргээс найман хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зөрчлийн тухайд...
- Шинэ хууль батлагдсантай холбогдуулан зөрчлийн тоо нэмэгдсэн. Нийтдээ 2369 зөрчилд хяналт тавьж ажилласан. Зөрчлийн асуудлаар иргэдэд анхааруулах асуудлууд их байна. Хуучин хуулиар 40-100 мянга, 100-250 мянган төгрөгөөр торгоно гэх мэтээр шийтгэлийн хэмжээ нь хэлбэлзэлтэй байсан. Одоо тийм юм байхгүй. Шууд тодорхой тоогоор торгоно. Хил орчим малаа хариулахгүй орхиод, хилд тулгасан байвал шууд 100 мянган төгрөгөөр торгоно. Шинээр төрсөн хүүхдээ хугацаандаа бүртгүүлээгүй бол 30 мянган төгрөгөөр торгох жишээтэй. Иргэд үүнд их эмзэглээд байгаа. Тийм учраас холбогдох байгууллагууд өөр өөрсдийн чиглэлэээр Зөрчлийн тухай хуулийн талаар иргэдэд мэдээллээ сайн өгмөөр байна.

Аймгийн хэмжээнд эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямар байна?
- Он гарснаас хойш эрүүгийн хэргийн нөхцөл байдал харьцангуй хөнгөн байгаа. Нийт гэмт хэргийн 80 орчим хувийг хөнгөн гэмт хэрэг эзэлж байна. Түүний дотор бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах буюу хүнийг зодож хөнгөн гэмтэл учруулах, орон байрны хулгайн гэмт хэргүүд их байна. Мөн гэр бүлийн хүрээний зодооны хэрэг ихээр гарч байна. Энэ хэргүүд ихэвчлэн аймгийн төвд үйлдэгдэж байгаа. Хүнийг санаатайгаар алсан хүнд гэмт хэрэг нэг бүртгэгдсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл хэр их гарч байна?
- Шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй хэргүүдийг тус туст нь заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд согтуу агсам тавих, зодоон үүсгэх, сэтгэл санааны болон эд хөрөнгийн байдлаар дарамт учруулсан байвал Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шалгадаг. Харин хоёр буюу түүнээс дээш удаа зодсон, эсвэл байнгын шинжтэй байвал Эрүүгийн хуулийг баримтлан шийддэг болсон байгаа. Урьд нь зодооны хэргийг хоорондоо эвлэрсэн тохиолдолд прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог байлаа. Одоо тийм асуудал байхгүй болсон. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоод, дээр нь 450 мянган төгрөгөөр торгоно.

Улсын хэмжээнд хүчингийн гэмт хэрэг ихээр гарч, ард иргэдийг түгшээж байна. Энэ онд тус аймагт хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн үү?
- Сүүлийн үед бага насны хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна. 2016-2017 оны байдлаар энэ төрлийн таван хэрэг гарсан. Хоёр нь шүүхэд шилжиж шийтгүүлсэн байгаа. Хохирогчид нь бол 14 нас хүрээгүй хүүхдүүд юм. Ийм хэрэг яагаад гараад байна гэдэгт судалгаа хийж үзсэн. Судалгаанаас харахад энэ хэргүүд дандаа төрөл садан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хүрээнд үйлдэгдэж байгаа. Жишээлбэл, хөдөө амьдардаг иргэд охин хүүхдүүдээ аймаг, сумын төвд байдаг хамаатнуудынхаа гэрт байлгадаг. Үүнээс болж хүчингийн хэрэг гарсан тохиолдол байна. Хөрш айлын хүүхдүүдийн дунд ийм хэрэг үйлдэгдэж байна. Ер нь хүмүүс охин хүүхдүүдээ эзгүй орхих явдал их ажиглагдаж байгаа. Ийм байдал удаан давтагдахаар хүчин үйлдэгч этгээдийн сэдэл төрдөг. Анагаахын шинжлэх ухаанд 13-14 наснаас эхлэн охидод бэлгийн бойжилт явагддаг гэж үздэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүддээ бэлгийн хүмүүжлийн талаар мэдээлэл түлхүү өгмөөр байгаа юм. Учир нь мэдээлэл дутмаг байдал хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. Хуулиараа хүчиндсэн, хүчиндээгүйгээс үл хамааран 14 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол хүнд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохыг хүмүүс анхаараасай гэж хүсэж байна.

Статистик мэдээнээс харахад албан тушаалын гэмт хэрэг өнгөрсөн жилээс өссөн байна. Энэ талаар ярихгүй юу?
-Төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэд хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Сонгуулийн жил дууссаны дараа ажлаас халагдсан хүмүүс ажилдаа эргэж орно гэж шүүхэд гомдол гаргадаг. Тэгэнгүүт нь халсан албан тушаалтан зөрүүлээд эрүүгийн шугамаар шалгуулах гээд мэдээлэл өгдөг. Тэр нь ихэвчлэн тогтоогддоггүй. Санхүүгийн зөрчил байж болно. Гэхдээ зарим  хүмүүс түүнийг хэрэг гэж үзээд байдаг. Төсвийн мөнгийг илэрхий зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл далимдуулаад хувьдаа завшсан тохиолдолд л хэрэг болно. Энэ хандлагатай холбоотой бүртгэгдсэн хэргүүд байгаа. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэчихсэн гэсэн үг.  Үүнийг сүүлийн үед хэрэг бүртгэлийн хэрэг гэж нэрлээд байгаа. Одоо иймэрхүү  хэрэг шалгагдаж байна.

Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргүүд бас бүртгэгдсэн байна. Уг асуудалд дүн шинжилгээ хийсэн үү?
- Эрүүгийн хуулинд бусдыг амиа хорлоход хүргэсэн гэсэн хэрэг байдаг. Энэ хэрэг оны наймдугаар сар хүртэл цөөхөн байсан. Түүнээс хойш нэмэгдэж хорин таван хэрэг болсон. Цаг улирал, хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой болов уу даа. Ихэнх нь боомилж нас барж байгаа. Түүнчлэн хэрэгт холбогдоод, тэрнээсээ болоод амиа хорлож байгаа хүмүүс ч байна. Жишээлбэл, нэг хүн өөрийнхөө төрсөн охиноо хүчиндэхийг завдсан. Тэгээд тэр хүнийг шалгаад эхэлтэл өөрийгөө амиа хорлочихсон. Боомилж нас барсан хүмүүсийн тухайд бол заавал хэрэг нээнэ. Шалгаад шалтгааныг нь тогтооно. Гэхдээ уг хэргүүдийг шалгаад үзэхээр амиа хорлоход хүргэсэн тохиолдол байдаггүй. Тухайн хүний өөрийнх нь  сэтгэл зүйн чадвараас шалтгаалах асуудал л даа. Архи дарс хэрэглэснээс болж нас барсан хүмүүс ч байна. Ар гэрийнхэндээ захиа бичиж үлдээгээд амиа хорлосон тохиолдол ч бий. Ийм хэрэг манай аймгийн хэмжээнд жилдээ 30 орчим бүртгэгддэг. Энэ жил бас ийм хэмжээнд байгаа.

Өнгөрсөн зун хотон шувууны хошууг улсын хил нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан хэрэг гарлаа. Үүнээс өөр хилийн боомтоор хууль бусаар эд зүйл гаргах, оруулах хэрэг гарсан уу?
- Уг хэрэг оны эхний хагаст гарсан л даа. Тухайн үед мөрдөж байсан хуулиар нэн ховор амьтны түхий эдийг хоорондоо худалддсан, наймаалцсан явдал хэрэг болдоггүй байсан. Нэг ёсондоо тухайн үеийн хуулинд тусгагдаагүй орхигдсон асуудал шүү дээ. Үүнийг манайхан хуулийн цоорхой, хийдэл гэж нэрлэдэг. Тийм учраас зөрчлийн тухай хуулиар шалгаж, холбогдох хүмүүсийг торгоод, оруулж ирсэн хотон шувууны хошууг устгаж байсан. Шинэ Эрүүгийн хуулиар ийм үйлдэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Энэ дашрамд иргэдэд бас нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Тухайлбал, хотон шувууны хошууг Казахстан Улсаас худалдаж авч ирсэн юм. Монгол Улсад агнаагүй гэж бодож байгаа бол буруу. Худалдсан, худалдаж авсан хүмүүс бүгд хэрэгтэн болно. Сүүлийн үед хотон шувууны хошуу худалдаж авна гэсэн зар ч явж байна. Энэ бас хууль бус үйлдэл гэдсэн үг. Улсын хилээр бараа эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн өөр хэрэг бага байна.  Гэхдээ архи, тамхи оруулж ирсэн зөрчлүүд байгаа. Энэ нь зөрчилд тооцогдоод явж байна. Манай аймагт барагшуун гэдэг түүхий эд бий. Үүнийг амьтны гаралтай түүхий эд гэж тогтоосон. Одоогоор барагшууныг таван жилийн хугацаагаар хориглосон байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс хөдөө гадаа барагшуун түүх юм бол хэрэгтэн болно гэсэн үг л дээ.

Энэ хориглолт хэзээнээс эхэлж мөрдөгдөж байна?
 - Энэ жилээс эхэлж байна. Өнгөрсөн зун манайх тодорхой тооны барагшуун гаргасан. Урьд нь цуглуулсан байсан түүхий эд байгаа юм. Үүнийг өмнөх жилүүдэд авсан зөвшөөрлийг нь үндэслэж Байгаль орчны яамнаас зөвшөөрсөн. Үүнээс хойш нэг ч барагшуун түүж болохгүй, гаргахгүй. Яагаад гэвэл барагшуун бол барагчин гэдэг оготны баас юм байна. Энэ баас нь 100 жилийн хугацаанд бий болдог. Дорхноо үржиж бий болохгүй гэсэн үг. Хориглосон учир шалтгаан нь ийм байгаа.

Малын хулгайн талаар ямар мэдээлэл өгөх вэ?
- Энэ жил хил дамнасан малын хулгайтай холбоотой хоёр удаа зөвлөлгөөн хийсэн. Гэхдээ болж өгөхгүй байна. Өмнөх жилүүдэд 5-6 удаагийн үйлдлээр 100 гаруй адуу хил гардаг байсан бол энэ намар Улаанхус сумаас хоёр удаагийн үйлдлээр 70-аад тооны адуу гарсан. Манай иргэд сонор сэрэмжтэй байхгүй бол байдал хэцүү байгаа. Улсын хилд тор татаагүй. Хилийн цэргийнхний хүч хүрэхгүй байна. Хулгайчид малын эздийн сумын төв, хурим найранд явсан зэргийг мэдэж авч байна. Энэ бол мэдээлэл дотоодоос очиж байна гэсэн үг л дээ. Учир нь Оросын Кош-Агачийн иргэн манай малчин Болатыг хуриманд явсныг мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр хэрэг одоо хүртэл илрээгүй. Шалгагдаж байна. Үүнийг тэр хавийн иргэд л илрүүлэх ёстой. Энэ асуудлаар ард иргэд маань хуулийн байгууллагад туслаасай гэдгийг хэлмээр байна. Харин дотоодын малын хулгай өсөөгүй. Аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран сүүлийн сар гаруй хугацаанд байнгын пост ажиллуулж байна. Энэ ажил ч үр дүнгээ өгч байгаа.

Гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх ажил танай байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарна. Энэ ажлыг яаж зохион байгуулж байна вэ?
- Бид голдуу иргэдтэй уулзаж, яриа хийж байгаа. 2011 оноос хойш тодорхой гэмт хэргүүдийн  тоо биш, шалтгаан нөхцөлүүдийн талаар ярьдаг болсон. Хүмүүсийн бие биенээ хайрлах, хүндлэх, хөршийн холбоо зэрэг ардын сайхан зан заншил алдагдсанаас болж гэмт хэрэг ихээр гарч байна. Энийгээ сэргээгээч гэж их ярьж байна. Үүний үр дүнд сүүлийн 5-6 жилд зодооны хэрэг дэс дараатай буурсан юм. Хүчингийн гэмт хэрэг 2010-2012 онуудад их гардаг байлаа. Үүний учир шалтгаан нь тэр үед охид хүмүүстэй мессежээр их танилцдаг байсан. Тэгээд танихгүй хүмүүстэй очоод уулзана, машинд нь сууна гэх маягаар хүчингийн хэрэг гардаг байв. Үүнийг ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлсний үрд дүнд энэ хэрэг нэг хэсэг буурсан. Гэхдээ өнгөрсөн оны сүүлээс эхлэн дахиад гарч эхэллээ. Энэ удаагийн хүчингийн хэргүүд бид урьдчилж таамаглаагүй буюу гэр бүлийн хүрээнээс гарч байна.

Манай аймгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг бусад аймгуудтай харьцуулахад ямар байна?
- Хамаагүй хөнгөн байна.

Ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ хандаж юу хэлэх вэ?
-Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд зөвхөн хуулийн байгууллагуудын үүрэг роль чухал биш байна. Иргэд маань хуулиа судалж, эрүүгийн хэрэг, зөрчил  гарахаас урьдчилан сэргийлж чадвал гэмт хэргийн гаралт буурна. Тийм учраас ард иргэдийг бидэнтэй хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад иргэдийн үүрэг их байгаа. Орон байр, эд хөрөнгөө хамгаалах, харуул хамгаалалтыг нь сайжруулах, гарсан хэргүүдийн талаар мэдээлэл байвал хуулийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

http://montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%