Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРДЧИЛСАН НАМ ХАРИУЦЛАГЫН, БОДЛОГЫН, ГИШҮҮДИЙН НАМ БОЛСОН

2017-11-28

Аймгийн Ардчилсан намын дарга Мишкагийн Батжаргалтай ярилцлаа.

-2016 оны сонгуулийн үр дүнгийн араас Ардчилсан намын шинэчлэлийн асуудал яригдсан. Алдаа онооны дүгнэлт дээр шинэчлэлийн шаардлага бий болсон байх. Шат шатны сонгуулийн үйл явцын талаар ярилцлагаа эхлэх үү?

-2016 оны сонгуулийн үр дүн АН-ын гишүүд, энэ намыг шат шатанд нь удирдаж байсан хүмүүс, иргэдэд цочрол өгсөн. Энэ юутай холбоотой вэ гэдэг дээр дор бүрнээ дүгнэлт хийсэн. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг бид гишүүдээсээ холдчихсон, хурлаа ч хийж чадахаа больчихсон. Ганц аймаг ч биш, анхан шатандаа, дээрээ намынхаа их хурлаа ч хуралдуулахгүй болчихсон ийм байдалтай олон жил явж ирсэн. Үүнийхээ горыг амссан сонгууль болсон. Сонгуулийг тулаан тэмцэл гэж үзэх юм бол цэрэггүй армийн хэдэн дарга нар л тулаанд орсон гэж ойлгож болно. Гишүүдээ сонсохоо больсон учраас тэднамдаа, удирдлагууддаа итгэх итгэлгүй болчихсон. Тэр ч байтугай намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан тохиолдол өнгөрсөн сонгуулиар гарсан. Гэхдээ бид гишүүдээсээ алдаагаа хайх биш, энэ намын үйл ажиллагаа, харилцааг зохицуулж байгаа дүрэм журмаа эргэж харах ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Жирийн иргэд маань хүртэл Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой гэдэг байр сууринаас хандаж байсан.

Ингээд бид сонгуулиас хойших 10 сарын хугацаанд намынхаа их хурлыг гурван удаа хийлээ. 6-р хурлаараа намын дарга болон шат шатны даргыг бүх гишүүдээс сонгодог байя гэдэг ерөнхий нэгдсэн байр сууринд хүрсэн. Үндэсний зөвлөлдөх хороо гэж хэдхэн хүн цуглаад намын даргыг сонгохоор нөгөө хайрцагладаг, фракцладаг байдал бий болоод байна гэж үзсэн. Энэ их хурлаар аймаг, дүүргүүдээс төлөөлсөн 30 хүнтэй дотоод сонгуулийн түр хороо байгуулаад, намын даргын сонгуулийг зохион байгуулахаар тогтсон. Энэ сонгууль амжилттай явагдсан. Үүнтэй давхцуулан бид гишүүдийнхээ бүртгэлийг хийсэн. Манай нам ч, Ардын нам ч тэр гишүүн элсүүлнэ гэдэг нь билгэ тэмдгийн шинжтэй байдаг. Сургууль төгсөж байгаа залуучуудыг, зарим талаар албадах байдлаар элсүүлж ирсэн нь нууц биш. Тэгэхээр гишүүн гэдэг хүн сайн дураараа татвараа төлөөд бүртгүүлэг ээ гээд судалгаа гаргахад 150 мянган гишүүн бүртгүүлсэн. Тэднээс 120 мянган гишүүн санал хураалтад оролцож, Архангай нутгийн уугуул, туршлагатай улс төрч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголын Ардчилсан намын даргаар сонгогдсон. Ингээд намын даргатай болчихсон, ямар ч байсан чиглүүлэх тугтай болчихлоо. Дараагийн асуудал нь дүрмэн дээрээ тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлага гарсан. Ялагдсан байх үед таван нам нийлсэн, тэдний дундаас гарсан дүрэмтэй байсан. Энэ дүрмэнд хариуцлагын тогтолцоо муу суусан байсан л даа.

7-р их хурлаараа намынхаа даргыг батламжлаад дүрмийн тодорхой хэсгүүдэд өөрчлөлт орсон. Үүнд бүх шатны намын даргыг бүх гишүүдээрээ сонгодохоор болсон. Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ гэж намын даргыг сонгож чөлөөлдөг том эрх мэдэлтэй байгууллагыг бодлогын байгууллага болгоё. Үндэсний бодлогын хороонд /ҮБХ/ орсон гишүүд улс орны бодлогыг цаашид авч явах зорилгод чиглэн ажилладаг байя гэдэг шийдвэр гарсан.

УИХ-ын нэг тойрог таван ҮБХ-ны гишүүнтэй байна. Тойрог бүрт нэг эмэгтэй гишүүн, чөлөөт гурван суудал, залуучуудын төлөөллийн квотууд яригдсан. Энэ хороонд УИХ-д сонгогдсон гишүүд шууд зарчмаар орно. Эдгээр 350 гаруй хүн улс орны ирээдүйг харсан АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах юм. Ингэхдээ мэргэжил, ажлын туршлагаараа бодлогын зөвлөлд хуваагдаж ажиллана. Дүрмийн өөрчлөлтөөрөө хийсэн энэ ажил бол их үр дүнтэй болсон.

7-р их хурлынхаа дараа анхан, дунд шатны удирдлагуудыг ҮБХ-нд дэвших гишүүдтэйгээ сонгох сонгууль явсан. Миний бие аймгийн АН-ын даргад нэр дэвшиж, өрсөлдөгчтэйгээ хамт явж, хонох газраа хамт хоноглож, илүү дутуу лобби, нөлөөлөлгүйгээр сурталчилгаагаа хийсэн. Аймгийн хэмжээнд 7700 гишүүн бүртгэгдсэнээс 4000 орчим нь санал өгсөн. АН-ын Архангай аймгийн гишүүдийн 66 хувийн саналаар аймгийнхаа намын даргаар сонгогдсон. Энэ дашрамд надад саналаа өгч дэмжсэн болон намынхаа нийт гишүүддээ талархсанаа илэрхийлье.

Намын шинэчлэл маань иймэрхүү байдалтай үргэлжлээд явж байна. Ер нь шинэчлэл бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Мэдээж бидний дүрмэндээ оруулсан өөрчлөлт буруу байх юм бол түүнийг засч залруулаад явна. Хариуцлагынхаа тогтолцоог дүрмэндээ суулгаад өгчихсөн. Сум, аймаг, намын дарга нар шат шатны хуралд намаа олонх болгож чадахгүй бол сонгуулийн маргааш чөлөөлөгддөг, ахмад настай дэд даргад нь дараагийн сонгууль явагдтал эрх мэдэл нь шилждэг хариуцлагын тогтолцоотой болсон. Тэгэхээр бидний өмнө нийгмийн сайн сайхан, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, сонгуульд намаа ялуулахын төлөө ажиллах л боломж үлдээд байна. Үүний төлөө ч шат шатандаа хичээн ажиллаж байна. Өмнө нь анхан, дунд шатанд уялдаа муу, хоорондын үйл ажиллагааг зохицуулсан дүрмийн заалт байгаагүй. Аймаг, дүүргүүд дээр том том даргатай, жижиг намууд үйл ажиллагаа явуулж ирсэн.

Дүрэм, зохион байгуулалтын өөрчлөлтөөр аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга төв намаас тогтмол цалинтай, байнгын үйл ажиллагаатай, цагаа бүртгүүлдэг, тайлан мэдээгээ өгдөг байдлаар үйл ажиллагаа нь явагдаж байна. Намын шинэчлэл маань иргэд сонгогчдод, намын гишүүдэд сэтгэл ханамжтай, үр дүнтэй ажил болсонд баяртай байна.

-АН-ын шинэчлэл хариуцлагын тогтолцооноос эхэлж байгаа юм байна гэж ойлгогдохоор байна. Өмнө нь Ардчилал АН-ын өмч үү, АН ардчилалтай нам уу гэдэг асуулт гишүүд болон иргэдийн дунд байсаар ирсэн. Сонгуулийн үр дүнгээс ардчиллын үнэ цэний тухай ч яригдсан. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх талаар таны үзэл бодол?

-Ардчилсан нийгэм гэж иргэний оролцоотой нийгмийг хэлээд байгаа шүү дээ. Ардчиллыг тодорхой хэмжээнд өмчлөх эрх Ардчилсан намд бий. Яагаад гэхээр иргэддээ хувийн эрх чөлөө, хувийн өмч, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх энэ бүх эрх чөлөөг 27 жилийн өмнө тайван замаар хийсэн Ардчилсан хувьсгалаар өгсөн. Энэ хувьсгалыг манлайлсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гэхчлэн манай баатрууд байна. Тэдний гавьяаг мартах учиргүй, баллуурдах боломжгүй юм. Манай нам өнгөрсөн хугацаанд Ардчилсан хувьсгалын ололт, гавьяаг иргэддээ, залуу үедээ ойлгуулах ажлыг огт хийгээгүй. Үүнийг би намын даргын хувьд аймаг орон нутагтаа хийнэ гэж бодож байгаа. Ардчилсан хувьсгалыг, ардчиллын ололт, ялалтыг хамгийн их дэмжсэн нь манай аймаг. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуульд хамгийн өндөр амжилтыг Архангай аймаг үзүүлсэн байдаг.

АН-ын дотоод эв нэгдэлгүй байдал, түүнийгээ ардчилалтай байна гэж тайлбарладаг байсан нь дүрмийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд засагдааж явж байна. АН бол гишүүдийнхээ бодлого, шийдлээр явдаг, тэдний оролцоог хангасан бодлогын, гишүүдийн нам болж чадсан гэж баттай хэлнэ.

-Ардчилалтай гэдгийг хэтэрхий эрч чөлөөтэй байх, задгай байх тал руу нь хандуулаад хариуцлагыг орхигдуулж байжээ гэдгээ л дүгнэсэн байна гэж ойлголоо?

-Ардчиллыг өөрийн дураар байх гэж ойлгох нь буруу. Сахилга бат гэдэг бол эрх чөлөөний хязгаарлалт биш, илүүдлийнх нь таналт гэж суутны хэлсэн үг байдаг. Манай намд элсэн орж байгаа олон залууст хэлж сануулж байгаа юм энэ л дээ. Хүний амьдрал гурван цагийн хэлхээс дээр тогтдог. Намынхаа ахмад, одоо, ирээдүй үеийн хоорондох зохимжит харьцаа, тэднийг холбох ажлыг намын даргын хувьд хийнэ. Сахилга бат гэдэг бол хамгийн зөв зохион байгуулалт, амжилт гаргахын үндэс.

АН-д үйл ажиллагааны шинэчлэл хийгдэж байна. Цаашдаа бодлого, үзэл баримтлалын хувьд бас өөрчлөлтүүд ороод явна. Мэдээж АН-ын үнэт зүйл болсон эрх чөлөө, шударга ёсонд тулгуурласан шинэчлэл маань тасралтгүй үргэлжилнэ. Намынхаа ирээдүйг өөдрөгөөр харж байна. Улс орноо, орон нутгаа цаашид хөгжүүлнэ. Иргэд, сонгогчдынхоо итгэлийг дааж, сонгуульдаа ялна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. -Аймгийн Ардчилсан нам удирдах түвшний хүрээнд шат шатандаа шинэчлэгдсэн дүр зураг харагдаж байна. Энэ шинэчлэл танай намын гишүүдийн шийдвэрээр намын дотоод сонгуулийн үр дүнгээр бий болсон. Хаа хаанаа л шинэчлэл шаардлагатай болсных биз ээ?

-Улс төрийн намын сонгуульд ялах гэсэн өнгөцхөн зорилгыг нь хүмүүс их ярьдаг. Гүнзгий аваад үзвэл улс төрийн нам төрд ажиллах боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэж байдаг. Сонгуульд ялахаар тэр хүний нөөцөөрөө дамжуулан төрийг удирдах үйл ажиллагаагаа явуулдаг. Хүний нөөцийнхөө хувьд цаашид энэ намыг авч явах багийг бүрдүүлэхийн хувьд анхаарч ажиллаж байна. Залуучуудаа сургаж боловсруулах, аймаг орон нутгаа удирдан авч явах боловсон хүчин болох хүмүүсийг бэлтгэх ажил дээр их анхаарч байна. Ер нь ганц намын боловсон хүчин бэлтгэх гэлтгүй, Ардчилса нам ялагдсан гээд зүгээр суух биш, аймгийнхаа иргэдийн хөгжих, боловсрох орчныг бий болгоход өөрсдийнхөө зүгээс чадах зүйлээ хийе гэж бодож байгаа. Дээр хэлсэн дээ, намын дүрмийн өөрчлөлтөөр ҮЗХ-нд ҮБХ байгуулагдана гэж. Аймгийн намын хороон дээр бас бодлогын салбар зөвлөлүүд байгуулагдах юм.Тухайлбал: Эрүүл мэнд салбарт ажиллаж байгаа намын гишүүн, нэр хүндтэй эмч нараар баг бүрдүүлээд, тэд АН мөрийн хөтөлбөрт оруулах салбарын асуудлаа гаргаж ирэх юм. Мөн АН сонгуульд ялахад нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр тухайн салбарыг нь удирдуулах. Бодлогын зөвлөлүүдийн алсын зорилго нь энэ. Бодлогоо ч тодорхойлъё, лидерээ ч төрүүлье гэдэг зорилготой.

Сая намын хороо маань анхны хурлаа хийж, тэргүүлэгч, дэд даргаа сонгосон. Дараагийнхаа хурлаар бид бодлогынхоо салбар зөвлөлүүдийг байгуулна.

-Нам ялахад томилгоо горилдог хэдэн дарга нарын тухайд биш, аймаг орон нутгийн бодлогыг тодорхойлох боловсон хүчнийг бэлтгэх түвшинд ажиллах зорилгыг тавьж байгаа юм байна аа даа?

-Өөрийнхөө намаар жишээ авъя л даа. Сонгуулийн дараа томилгоотой холбоотой гишүүдийн гомдол, иргэдийн шүүмжлэл маш их байсан. Мэргэжлийн бус, туршлагагүй хүнээр том салбар ахлууллаа гэхчлэн. Одоо ч тийм юм явагдаж л байна. Энэ байдлыг хүний талаас биш, бодлого үйл ажиллагаагаа урдаа тавьж явъя гэдэг санаа юм. Энэ бол үр дүнгээ өгнө.

-Намчирхдаг асуудал аль ч нам засаглаж байхад илааршихгүй байна. Энэ байдал нь монголчуудыг талцуулж, муухай харагдуулж, хөгжлөөс чангааж байна гэдгийг иргэд ч, улс төрчид ч шүүмжилдэг. Гэхдээ ярьсаар л байна. Үүнийг засч залруулах талаар хувь хүний үзэл бодол, байр суурьюу байна вэ?

-Хувь хүний бодлоо хэлье. Бид Үндсэн хуулиа батлаад ардчилсан нийгмийг сонгоод явахдаа Монгол гэдэг үнэт зүйлийг орхигдуулчихсан юм уу гэж боддог. Эрх зүйч хүний хувьд, мөн олон судлаач хүмүүсийн дүгнэлтүүдийг харьцуулан уншиж судалж байхад хувь хүний эрх чөлөөг дээдлээд, монгол хүний язгуур үнэ цэнийг орхигдуулсан гэж хардаг.

Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум хүн аж төрж байна. Тэдний гурван сая нь Монголд байна. Долоон тэрбумаас ялгарах нь Монгол хүн, тусгаар тогтносон Монгол улс. Хамгийн үнэ цэнтэй нь энэ. Одоо бидний хоосон хийрхэл, улс төржилтийн үр дүнд энэ үнэ цэнээ гээчихсэн, манай нам, танай нам гээд талцаж байна.

Өнөөдөр МАН аймагт засаглаад нэг жил орчим болж байна. 4-р сарын 27-ны байдлаар статистик мэдээ авахад аймгийн түвшинд ажлаас халагдсан хүний тоо 215 байна. Энэ бол нийгмийн даатгалаас гэнэт халагдсаны мөнгөө авах гээд материалаа бүрдүүлж өгсөн хүний тоо. Энэ тоо одоо нэмэгдсэн байгаа, цаашид ч нэмэгдэх магадлалтай. Улсын хэмжээнд 20 гаруй мянган хүн үзэл бодлоороо ялгаварлагдаад ажлаас чөлөөлөгдчихсөн байна. Хэт улс төржилтийн хор уршиг энэ. Иргэдээ алагчилж, ялгаварладаг энэ тогтолцоогоо улс төрийн намууд харилцан ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй.

Сонгуулиар амлаж байсныхаа яг эсрэгээр явдаг. Энэ байдлаар дөрөв дөрвөн жилийн зайтай нэгнийгээ татаж унагаад л явдаг. Үүнийг дээр дооргүй ярьж, Үндсэн хуулийн түвшинд ч хөндөж  байна. Үүн дээр бид ярих болно. Архангай аймгийн 93,0 мянган хүн тэгш эрхтэй шүү дээ. Энэ байдалд нам удирдаж байгаа, төр засаг толгойлж байгаа хүмүүс ухаантай хандахгүй бол энэ биднийг мөхөөж байна. Цаана чинь улс орны маань тусгаар тогтнол, аюулгүй байдал хаахнаа явна аа. Үүнийг бодохгүй хоосон улс төржөөд, нам яриад яваад байдаг. Энэ л биднийг доош нь чангаадаг.

-Энэ асуудал дээр өөрийнхөө намаар ч жишээ авч байгаа байх. Үндсэндээ улс төрийн хоёр намын засаглал ээлжилж байгаа энэ үед аль аль нь ард иргэдийн төлөө дорвитой ажилласангүй, улс орны эдийн засаг улам л доройтож байна гэсэн шүүмжлэл байна. Бодит үр дагаврууд ч харагдаж байна л даа. Намчирхаж, бие биенээсээ өшөө авч, дөрвөн жилийг өнгөрөөж байна шүү дээ?

-АН 2008 оноос хойш намын хатуу гишүүнчлэлийг больё гэдэг асуудлыг ярьсан. Төрийн албан хаагчдыг улс төржүүлэхгүй байх тал дээр хууль ч хүртэл гаргаж үзлээ. Тухайн үед аймгийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон гурван хүнийг төрийн захиргааны удирдах албан тушаалд тавьчихсан байхад МАН-ынхан маань шүүхдээд л дөрвөн жилийн хугацаа өнгөрч байсан. Одоо төлөөлөгч нарын бараг тал нь төрийн захиргааны албан тушаалд очсон байна. Улсын хэмжээнд ийм дүр зураг байна. Үүндээ зориулаад Төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулах гээд төсөл нь өргөн баригдчихсан. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд нийцүүлж, захиалгатайгаар хуулийг өөрчилдөг энэ байдал бол ёс суртахуунгүй юм.

Одоо эрх барьж байгаа нам өөрөө коммунист суурьтай болохоор хатуу гишүүнчлэлгүй байх асуудлыг дэмжихгүй юм билээ. Ер нь дэлхий нийтэд улс төрийн намууд санхүүжилтээ босгох хоёр схемтэй байдаг л даа. Нэг нь төрөөс буюу төсвөөс, нэг нь гишүүдийнхээ татвараар. Манайх төсвөөс санхүүжээд, хатуу гишүүнчлэлгүй байя гэдэг хоёр санал явуулаад дэмжлэг аваагүй. Эсрэгээрээ өөрсдийнхөө гишүүдийг гомдоох юм бол АН-д гишүүд нь хэрэггүй болсон юм шиг байдалд хүрсэн. Түүний үр дүн ч бас сонгуулиар эсрэгээрээ гарсан л даа. Нөгөө талаас нь харвал тийм тал бий. Тэгэхээр бид гишүүдээ хөгжүүлэх, гишүүдийнхээ идэвхийг сэргээх ажлыг хийж байна. Ер нь Монгол улс олон намын тогтолцоот замыг сонгосон. Үүгээрээ цаашаа явах нь ойлгомжтой. Намууд зөв бодлого, үйл ажиллагаатай байх юм бол улс орны, нийгмийн хөгжилд л тустай.

-Нэгхэн жилийн өмнө танай нам засаглалын түвшинд байсан. Одоо бол сөрөг хүчний байр суурин дээр буюу шүүмжлэгч тал. Харин хүчтэй сөрөг хүчин байх уу, сонгууль хүлээсэн нам байх уу гэдэг асуудал бий. Тэгвэл эрх ашиг нь хөндөгдсөн ард иргэдийн төлөө, шийдвэр гаргах түвшний алдаатай үйл ажиллагааг засч залруулах дуу хоолой байх нь сөрөг хүчний том үүрэг, оролцоо. Хүчтэй сөрөг хүчин байхад ямар бодлоготой ажиллах вэ?

-Аймгийн ИТХ-ын гуравны нэг нь буюу 13 төлөөлөгч нь АН-ынх. Тойргоор нь авч үзвэл 1-р тойргоос долоо, гуравдугаар тойргоос зургаа сонгогдсон. Аймгийн төвөөс нэг ч мандат аваагүй. 13 гэдэг бол чамлалттай тоо биш. Ямар ч байсан Засаг даргын хууль бус үйл ажиллагааг сануулаад огцруулах хэмжээнд санал оруулах тоо. Нөхдүүд засгийн эрх аваад нэг жил өнгөрч байна. Бид засгийн эрх аваад жилийн хугацаанд юу хийсэн. Нөхдүүд юу хийж байгааг харьцуулаад сууж байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид намын дотоод сонгуультай холбоотойгоор сөрөг хүчний байр суурин дээр ажиллахдаа учир дутагдалтай байлаа. Сар шинийн дараа Засаг даргынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах шиг боллоо. Одоо дэд хөтөлбөрүүдээ батлуулсаар байгаад хоёр жил нь дуусах юм шиг байна.

Бид бол сонгуулийн дараа нэг жилийн хугацаанд аймгийнхаа 90 жилийн ойг сайхан хийчихсэн. Аймаг орныхоо дэд бүтцийг хөгжүүлэх талаар хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаад батлуулчихсан, зарим тодорхой ажлууд нь эхэлчихсэн байдалтай байсан. Биднийг ажил авахад улс орны эдийн засаг ямар байлаа. Эдийн засгийг тэтгэж байдаг эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байсан билээ. Одоо 60-аад хувиар өсчихсөн, өндөр өсөлттэй явж байна. Биднийг байх үед таатай нөхцөл байсангүй л дээ. Гэсэн хэдий ч бондын зээлээр 1,5 тэрбум долларыг босгосон. Чингис бондоор бүтээн байгуулалтын ажил хийсэн. Энэ нь үндэсний компаниуд, ажилчдыг орлоготой байлгахад эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг эдийн засагчид ярьж байгаа.

Бидний ялагдсан бас нэг шалтгаан өрийн асуудал. Сонгуулиар МАН-ын нөхдүүд иргэн бүр 15,0 сая төгрөгийн өртэй болчихлоо гэдгийг айл бүхэнд ороод ярьж явсан. Харин одоо АН-ынхан өрийн тааз өндөрсгөх гэлээ гээд ярьж явсан нөхдүүд маань өрийн таазаа 80 хувьд хүргэчихээд, ярьсан болгоныхоо эсрэг ажиллаж байна. АН хүүхдийн мөнгийг алагчлах гэлээ, манай нам гарвал бүгдэд нь олгоно гэж байсан бол тэрийгээ байхгүй болгочихсон. Татвар нэмэхгүй гэж байснаа долоон төрлийн татварыг нэмчихсэн. Иймэрхүү байдалтай л сонгуулиас хойш жилийн үйл явдал өрнөж байна л даа. Энэ бүгдийг иргэд хэвлэл мэдээллээр харж байгаа.

Ямар ч байсан нөхдүүд маань нүдэнд харагдаж, гарт баригдах тоймтой юм хийхгүй байна. Бид хийсэн ажлаа товчхон хэлье л дээ. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гэж жилд нэг гардаг. Засгийн газрын захиалгаар Үндэсний статистикийн хороо, судалгааны байгууллага, олон улсын байгууллага хамтраад дөрвөн индексээр гаргадаг.Эдийн засгийн чадавх, хүч тамир нь ямар байна, засаглалын үр ашиг буюу эрх баригчдын бодлого шийдвэр, ил тод нээлттэй байдал нь ямар байгаа, бизнесийн үр ашигтай орчин, дэд бүтэц гэсэн индексээр шалгуур авдаг. Тэр тайланд 2012, 2013 онд манайх өрсөлдөх чадвараараа 21-д байсан. 2014 онд 19 рүү, 2015 онд 15 руу орсон. Ийм өсөлттэй явсан.

Ер нь цаашид сонгуулиар нэгнийгээ харлуулж гүтгэх ч юм уу, эсвэл хэзээ ч биелэх боломжгүй амлалт өгч өрсөлдөх биш бодитой ажиллах л чухал юм. АН энэ өрсөлдөх чадварын судалгааг сумдын хэмжээнд хийлгэе гэж бодож байгаа. Энэ дээр манай намын ҮБХ-нд сонгогдсон чадвартай залуустайгаа хамтраад ажиллана. Сум болгоны өрсөлдөх чадвар буюу давуу байдлыг тодорхойлъё гэж байгаа юм. Хөгжлийн үндсэн чиглэл болох мал аж ахуй дээр нэмээд сум болгоны давуу тал дээр тулгуурласан хөгжлийн стратеги төлөвлөгөөг хийгээд, түүнийгээ мөрийн хөтөлбөр болгоё. Алийн болгон ард иргэдээ сонгуулийн амлалтаар хуурч, дөрвөн жилийн мандат авч явах юм бэ. Цааш нь найм, арван хоёр жилээр хөгжлөө хармаар байна. Ингэхийн тулд энэ хөгжлийн бодлогыг тодорхойлно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Бид сөрөг хүчин гээд нөхдүүдийн хийж байгаа ажлыг шүүмжлээд суух биш, хажуугаар нь идэвхтэй ажиллахад анхаарна.Иргэд, нийгэм рүү хандсан үйл ажиллагаануудыг тасралтгүй явуулна. Наанадаж намын гишүүдийнхээ хүүхдүүдэд англи хэлний сургалт явуулах, цаашлаад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд гэхчлэн.Заавал засгийн эрх барьж, төсөв хөрөнгө зарцуулж ажил хийх биш, улс төрийн нам иргэдээ соён гэгээрүүлэх, хөгжүүлэхэд АН ажил хийнэ ээ.

Нөхдүүдийн яриад байгаа сум болгонд сүүний үйлдвэр барих, шилэн гүүртэй болох гээд энэ ажлууд хэзээ хэрэгжихийг мэдэхгүй байна. Сургаар, судалгаагүйгээр юм болгоныг шүүрч аваад яриад байх юм бол зөндөө л мөрөөдөл байж болно л доо. Тэгэхээр ийм байдлаар явахгүй ээ.

-Сөрөг хүчний хувьд аймаг орон нутгийн төр захиргааны бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байна вэ?

-АН-ын хамгийн том үнэт зүйл бол хуулийн засаглалыг бэхжүүлэх байдаг. Ард иргэдээсээ төр удирдах гээд мандат авсан бол хуулийг хэлбэрлэтгүй сахих учиртай. Тухайлбал: сумдын Засаг дарга нарыг батламжлах асуудал хууль зөрчөөд явж байна. Нэгэнт ард иргэдийн сонгосон олонхоор батлаад явуулчихсан байхад батламжлахгүй олон дахин, шалтгаангүй буцаадаг, албан бичгийн хариу 14 хоногт өгөгдөх байтал хоёр, гурван сар болчихсон байна. Энэ мэтчилэн хуулиас давсан шийдвэр гаргадаг, хууль зөрчдөг асуудлуудаар Засаг даргатай хариуцлага тооцуулах ажлыг сөрөг хүчний зүгээс хийнэ. Хамгийн сүүлд төсвийн тодотгол хийсэн хурал байна. Орон нутгийн хөрөнгө оруулалт гэдэг нэрээр 1,2 тэрбум, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд 300-гаад сая, үндсэндээ 1,5 тэрбум төгрөгийг ямар ч төсвийн задаргаа, төлөвлөгөөгүйгээр ерөнхийд нь батлуулах гээд ороод ирчихсэн. Үүн дээр бид зарцуулалтын тайлбар авахыг хүссэн боловч өгөөгүй. Тиймээс манай намын төлөөлөгчид урлыг орхисон. Энэ нь улс төржөөд, хурал хаяж байгаадаа биш юм.

АН 2012 оны сонгуульд УИХ-д олонх болж, орон нутагт олуулаа болсон. Бидний мөрийн хөтөлбөрт иргэний оролцоог хангасан ардчилсан нийгмийн талаар том бодлого туссан байсан. Төсвийн эрх мэдлийг иргэдэд өгчихье. Иргэд багийнхаа хурлаар орон нутагтаа юу хэрэгтэй байгаагаа ярилцаад эрэмбэлдэг байг. Тэдгээрийг нь хийдэг байя гээд Орон нутгийн хөгжлийн сан гэж тусдаа бие даасан төсөвтэй байлаа. Аймгийн хэмжээнд 13,0 тэрбум төгрөг. Тэр бол иргэнийхээ оролцоог хангасан, нүдээ олсон, үр дүнтэй ажил байсан. Гэтэл саяын хурал дээр хэдхэн дарга, тэргүүлэгч мэдээд тэр их хэмжээний мөнгийг баталсан нь иргэдээсээ асуугаагүй, олонхоороо шийдвэрлэсэн үйл ажиллагаа боллоо л доо. Тэгэхээр Засаг дарга, хурлын тэргүүлэгчтэй сумтайгаа нийлээд юунд ч зарцуулж болохоор болсон. Энэ бүх хууль бус үйл ажиллагааны төлөө бид иргэдтэйгээ, намын гишүүдтэйгээ нийлээд тэмцэх болно.

Бидний хувьд бол ард иргэдийнхээ оролцоотой хийж хэрэгжүүлсэн ажил бий. Ялангуяа дэд бүтцийн чиглэлээр хийгдсэн ажлуудын эдийн засгийн үр өгөөж гэж юм бий. Өнөөдөр мэдэгдэхгүй ч алсдаа далд үр өгөөжийг нь илэрхийлэмгүй. Тухайлбал: Тариат, Хангай сум руу туулах чадвартай 469, фургон машинууд явдаг байсан бол өнөөдөр бензин бага хэрэглэдэг приус машин аваад л иргэд маань явж байна. Энэ бол иргэдэд чиглэсэн том ажил. Аймгийн төв маань ямар сайхан боллоо, гэрэлтүүлэг, зам, гудамж гээд. Үүнийг ард түмэн ойлгож үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Танай нам засаглал руу чиглэсэн, сүүдэрлэсэн байдалтай сөрөг хүчин гэхээсээ илүү ард иргэд, үйл ажиллагаа руу зорьсон хүчтэй бодлогыг явуулах шинэчлэлийн шатанд гарах юм байна гэж ойлгогдож байна. Ярилцлагын төгсгөлийн хормыг танд үлдээе.

-Миний хувьд Булган хайрханыхаа өвөрт мэндэлсэн Цэцэрлэг хотын хүүхэд. Нутагтаа хайртай, Булган хайрханаа шүтэж, аав ээжийгээ тэргүүнд залбирч явдаг Архангай нутгийн унаган иргэн л дээ. Улс төрийн нам толгойлоод явахыгаа том үүрэг хариуцлага гэж бодож байгаа.

Зориг агсны 28 настайдаа хэлсэн үг байдаг. “Улс төрчид эрх ашгийн эрэмбэ гэдэг юмыг байнга анхаарч явах ёстой. 1-рт улс орны эрх ашиг бол язгуур эрх ашиг. 2-рт намынхаа эрх ашгийг тавь. 3-т хэсэг бүлэг буюу фракц, хамгийн сүүлд хувь хүний эрх ашгаа тавь” гэж. Үүнийг ялангуяа улс төрч залуучууд байнга анхаарч явах хэрэгтэй. Өнөөдөр хувийнх нь, намынх нь дээшээ гарчихаад байна. Тэгэхээр энэ эрх ашгийн эрэмбийг үйл ажиллагаандаа байнга мөрдлөг болгоно гэдгээ нутгийн зон олондоо хэлье. Ардчилсан нам бол хариуцлагатай, гишүүдийн нам болсон. Үүний үр дүн нийгэмдээ сайнаар тусна. Дээр хэлсэн ажлууд бүгд бодит болно.

Бид өвөг дээдсээсээ энэ сайхан эх нутаг, байгаль дэлхий, тусгаар тогтнолыг хүлээж авсан. Хойч үедээ байгаа чигээр ньхүлээлгэж өгөх үүрэгтэй. Үүний төлөө л ажиллана.

Ярилцсан О.Амарзаяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%