Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нөхөх олговрыг нэхэмжлэхэд анхаарах зүйлийн тухай зөвлөмж

2017-11-29

     Нэг. Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах асуудлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс эрхлэн хариуцах ба цагаатгагдсан иргэдэд холбогдох нөхөх олговрыг нэхэмжлэн гаргуулах асуудлыг Засгийн газар хариуцах бөгөөд нөхөх олговрыг Монгол Улсын хууль, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолд заасан ёсоор бүрдүүлсэн нэхэмжлэлийн дагуу олгоно.
    Үүнд Монгол Улсын иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээ цагаатгасан гадаад улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг Монгол Улсын ижил төстэй байгууллагын шийдвэртэй адилтган үзэх тул  нөхөх олговрын нэхэмжлэлээ дор дурьдсан дарааллаар бүрдүүлэх нь зүйтэй.
    1. Тухайн  иргэнийг цагаатгасан тухай лавлагаа болон шийдвэрийн хуулбарыг Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас авна.
    2. Цагаатгасан тухай гэрчилгээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн даргаас авна.
    3. Улс төрийн хэлмэгдэгчийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлохын тулд Үндэсний Төв Архивт буй хүн амын тооллогын бүртгэлээс хэлмэгдэгчийн болон өөрийн өрхийн ам бүлийн бүртгэлийн хуулга магадлагаа авна.
    4. Хүн амын тооллогын бүртгэлээс нэхэмжлэл бүрдүүлж буй этгээд Улс төрийн хэлмэгдэгчийн хууль ёсны өв залгамжлагчийн хүрээнд багтаж байгаа нь шууд нотлогдвол Нотариатын байгууллагад хандаж “Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ” бичүүлж авна.
    5. Хэрвээ хүн амын тооллогын бүртгэлээс өрхийн бүртгэл олдохгүй байх, олдсон ч хууль ёсоор эалгамжлах эрхтэй болох нь бүрэн нотлогдож чадахгүй байгаа бол хөдөө орон нутгийн иргэд аймаг, орон нутгийнхаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комисст, Улаанбаатар хотод бол Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж цаашид хэрхэх талаар зөвлөлгөө авч болно.
    6. “Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ” авсныхаа дараа харъяалагдах орон нутгийнхаа Цагдаагийн Хэлтсийн хаягийн санд очиж өөрийн “Иргэний үнэмлэх”-ийн дагуу анх “Иргэний паспорт” авахдаа бичсэн маягтаас өөрийн нэр овог, эцгийнхээ нэр овог, эхийнхээ нэр овгийг тодорхойлуулан баталгаа бичүүлж авна. (Энд хэлж буй овог гэдэг нь “Иргэний үнэмлэх” дээр шинээр бичиж эхэлсэн удмын овог бус харин таны төрсөн болон үрчилж авсан аав, ээжийн тань эцгийн болон эхийн нэр юм.)
    7. Дээр дурьдсан таван төрлийн хөдөө орон нутагт бол өөрийн аймаг, сумын цагаатгалын Салбар комисст очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ “Иргэний үнэмлэх” заавал авч очих ёстой.

    Хоёр. Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдсөн хүмүүсийг мөрдөн байцаасан хэрэг нь байгаа боловч таслан шийдвэрлэсэн тогтоол нь байхгүй, мөрдөн байцаалтын хэрэг, таслан шийдвэрлэсэн тогтоол нь хоёулаа байхгүй боловч улс төрийн хэрэгт холбогдсон болохыг нь ямар нэгэн мэдээ албан баримтад тэмдэглэсэн байгаа болон ерөөсөө тухайн иргэнийг улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилсан тухай ямар нэгэн албан баримт мэдээлэл олдохгүй байгаа бөгөөд баривчлагдсан этгээд ар гэртээ буцаж очоогүй тохиолдолд түүний амь нас, амьдрал хэрхсэн талаар албан ёсны тодруулга хариу авах тухай хүсэлт - өргөдөл гаргахдаа дор дурьдсан зүйлүүдийг бүрдүүлж өргөдөлдөө хавсаргах нь зүйтэй. Үүнд:
    1. Тухайн иргэн тухайн орон нутагт оршин сууж, амьдарч байгаад баривчлагдаж яваад эргэж ирсэн, эсвэл ирээгүй болохыг гэрчилсэн гэрчийн тодорхойлолтууд. Тодорхойлолтыг тодорхойлолт гаргасан гэрчийн оршин сууж байгаа орон нутаг дахь нотариатын байгууллагаар баталгаажуулсан байвал зохино.
    2. Тухайн иргэн улс төрийн хэрэгт баривчлагдахын өмнө тухайн орон нутагтаа оршин сууж байсныг гэрчилсэн баримт - Үндэсний төв архивын “Хүн амын тооллогын дансны хуулга магадлагаа” эсвэл орон нутгийн архивын хүн ам, мал тооллогын бүртгэлээс гаргуулсан “Архивын магадлагаа”. Архивын магадлагааг магадлагаа гаргагч байгууллага өөрийн тамга тэмдгээр баталгаажуулахын хамт эх бүртгэлийн нэгжийн байрлалыг тэмдэглэсэн байвал зохино.
    3. Тухайн иргэнийг улс төрийн хэрэгт холбогдуулсан тухай тэмдэглэсэн албан баримтын тухайн тэмдэглэмжтэй хэсгийн хуулбар. Хуулбарыг архив, номын санд хадгалагдаж байгаа баримт бичгээс хэсэгчилэн хуулбарласан бол эх бичгийн нэгжийн байрлалыг зааж, хуулбар олгосон байгууллага нь өөрийн тамга тэмдгээр баталгаажуулсан байвал зохино.
    4. Гэрчийн тодорхойлолт нь тодорхой үйл явдлын өгүүлэмжтэй, болсон үйл явдлыг аль болохуйцаар тодорхой дүрслэн өгүүлсэн, баривчилсан хүмүүсийн нэрс болон тухайн иргэнтэй хамт баривчлагдаж явсан хүмүүсийн нэрс, баривчлагдаж яваад эргэж ирсэн хүмүүсийн нэрс, цаг хугацаатай байваас уг асуудлыг шалгаж, магадлан тогтооход ач холбогдолтой байх болно.

    Гурав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид холбогдох нөхөх олговрын нэхэмжлэл бүрдүүлж байх хугацаандаа нас барсан нэхэмжлэгчийн хууль ёсны өв залгамжлагчдаас нэг нь нөхөх олговрын нэхэмжлэлийг үргэлжлүүлэн бүрдүүлж нөхөх олговор нэхэмжилж болно. Нэхэмжлэлийг гүйцээн бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрх бүхий хууль ёсны өв залгамжлагчид нь:
    1. нас барсан нэхэмжлэгч нь өөрийн ах дүүстэйгээ хэлцэл хийж, хэлмэгдэгчид холбогдох нөхөх олговрыг төлөөлөн бүрдүүлж байсан бол түүнтэй хэлцэл хийсэн бусад ах дүүс нь дахин хэлцэл хийж нотариатын байгууллагаар батламжлуулсны дараа нөхөх олговрын нэхэмжлэлийг үргэлжлүүлэн гүйцээж нэхэмжилж болно. Хэрвээ нас барсан нэхэмжлэгч ах дүүстэйгээ хийсэн хэлцэлгүй ганцаараа нэхэмжлэл бүрдүүлж байсан бол,
    2. нас барсан нэхэмжлэгчийн албан ёсны баталгаатай нөхөр эсвэл эхнэр нь. Хэрвээ нэхэмжлэгчийн нөхөр, эхнэр нь байхгүй бол,
    3. нас барсан нэхэмжлэгчийн төрсөн болон үрчилсэн хэд хэдэн хүүхдийн хэн нэгэн нь ах дүүстэйгээ нэхэмжлэлийг гардан үргэлжлүүлэх тухай хэлцэл хийж нотариатаар батлуулсан нөхцөпд нэхэмжлэлийг гүйцээн бүрдүүлж нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй болно. Хэрвээ төрсөн болон үрчилсэн хүүхэдгүй бол ач зээ нь дээрхийн нэгэн адил хэлцэл хийсэн нөхцөлд нас барсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гүйцээж нэхэмжилж болно.
    4. нас барсан нэхэмжлэгчийн нэрээр гүйцээн бүрдүүлсэн нөхөх олговрын нэхэмжлэлийг бүртгэлд авч энэ тухай сонинд зарлахдаа нас барсан нэхэмжлэгч ба түүний хууль ёсны өв залгамжлагчийн нэрийг хамтад нь тайлбартайгаар бичиж зарлана.

    Дөрөв. Хуулийн 5.1.1 дэх заалтад нэмэгдсэн 137 буюу БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлсэн хүмүүсийг цагаатгуулах тухай хүсэлтийг  Монгол Улсын Дээд Шүүхэд хандаж гаргана. Улсын Дээд Шүүхэд хандаж гаргаж буй өргөдөл-нэхэмжлэлдээ тухайн иргэн хэдэн онд, аль аймаг, хотод амьдарч байгаад хэрэгт татагдсан болохыг аль буй үйл явдлын цаг хугацаа, засаг захиргааны харъяаллын тухай мэдээлэл хэр зэрэг тодорхой үнэн зөв байх нь уг хэргийг шалгах ажиллагаанд тэр хэмжээгээрээ тус дөхөмтэй болно гэдгийг анхаарах нь зүйтэй.

    Тав. Хуулийн 13.1-д оруулсан өөрчлөлтийн дагуу 500000 төгрөг нэмж олгохдоо дараах журмаар улсын бүртгэлд авч нөхөх олговрын тооцоонд оруулна. Үүнд:
    1. Улсын Дээд Шүүхээс олгосон цагаатгасан тухай гэрчилгээ,
    2. Хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид болон хорих ялаар шийтгүүлээд нас барсан хэлмэгдэгчийн хууль ёсны өв залгамжлагчид нөхөх олговор 500000 төгрөг олгохоор анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн баталгаатай хуулбар,
    3. Хэрвээ энэ нөхөх олговрыг урьд нь нэхэмжлэл авагч нас барсан бол түүний хууль ёсны өв залгамжлагч нь хуулийн нэмэлт 10.3-т заасныг баримтлан энэ зөвлөмжийн “Гурав”-т заасны дагуу ажиллагаа явуулсны эцэст нөхөх олговор нэхэмжлэх бололцоотой болно.

    Зургаа. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдэж үйлчилж эхэлсэн 1999 оны 11 дүгээр сарын 4-нөөс өмнө үйлчилж байсан хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан нөхөх олговрын нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон эсвэл нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан бол нэхэмжлэгч дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж бүртгүүлнэ. Үүнд:
    1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбар,
    2. Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын аль нэгний нь олгосон “Цагаатгалын гэрчилгээ”,
    3. Иргэний үнэмлэх (Иргэний паспорт) эдгээр болно.
    4. Хэрвээ нэхэмжлэгч нас барсан бол хуулийн нэмэлт 10.3 дугаар зүйл болон энэ зөвлөмжийн “Гуравт”-т заасан ажиллагаа хийсний эцэст нөхөх олговор нэхэмжлэх бололцоотой болно.
    Хэрвээ үүний урьд нөхөх олговор нэхэмжилж анхан шатны шүүхэд хандаагүй байсан бол нөхөх олговрын нэхэмжлэл бүрдүүлэх ерөнхий журмын дагуу баримтуудаа бүрдүүлж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст бүртгүүлэх хэрэгтэй.
    Долоо. 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид холбогдох нөхөх олговор нэхэмжлэхийн тулд хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохоо тогтоолгохоор анхан шатны шүүхэд хандахын өмнө Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст бүртгүүлж сонинд нэрээ зарлуулах хэрэгтэй. Сонинд нэрээ зарлуулалгүйгээр анхан шатны шүүхэд хандаж садан төрлийн холбоо тогтоолгож, нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлүүлсний улмаас маргаан гарах, авсан нөхөх олговроо буцааж өгөх явдал цөөнгүй гарч байгааг анхаарах нь зүйтэй.
   

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН
БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%