Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

O.ЧИМЭДЦЭРЭН: Гангийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нийт төлөвлөгөөт ургацынхаа 67.3 хувийг хураан авлаа

2017-11-30

Намрын ургац хураалт, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга O.Чимэдцэрэн мэдээлэл өглөө.
- Яг одоогийн байдлаар ургац хураалт хэдэн хувьтай байна?

- Үр тариа, төмс хүнсний ногооны хураалт үндсэндээ дуусч байна. Тухайлбал үр тариа, төмс, хүнсний ногоог 21781.7 га-д тариалалт хийсэн. Үүнээс 14192 га-д буудай, 812 га-д арвай, 30 га-д гурвалжин будаа, 4944.8 га-д тосны ургамал, 728.2 га-д төмс, 984.4 га-д хүнсний ногоо, 90 га талбайд малын тэжээлийн ургамал тариалалт хийгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтад муугаар нөлөөлж урьдчилсан байдлаар 14.2 мянган га-д үр тариа тариалснаас 730 га ургац алдаж 13461 га-аас 14122.7 тонн улаан буудай, төмс 6493 тонн, хүнсний ногоо 9698.1 тонн, 1177.5 тонн тосны ургамал хураан авахаар тооцоолсон. Ургац хураалтын мэдээгээр буудайн нийт тариалсан талбайн 733.1 га буюу 18.3 хувь ургац алдаж, 10 дугаар сарын 7-8-нд их хэмжээний усархаг бороо, цас орсны улмаас 2307.4 га-г буюу 17.1 хувийг цасанд даруулан налж хураах боломжгүй болоод байна. Аймгийн хэмжээнд буудай нийт 11963.5 га-аас 9596.3 тонн, малын тэжээл 800 тонн, төмс 7986.1 тонн, хүнсний ногоо 8460.9 тонн, рапс 313.1 тонн ургац хураан авсан мэдээтэй байна. Үр тарианы хураалт 82.9 хувь, тосны ургамал 66.5 хувийн гүйцэтгэлтэй, төмс, хүнсний ногооны хувьд хураалт 94.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Өнгөрсөн жилийн ургац хураалттай харьцуулахад өссөн үү буурсан байна уу?

- Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад буудай 8.0 мянган тонноор, хүнсний ногоо 6.8 мянган тонноор, тосны ургамал 1.1 мянган тонноор буурч, төмс 563 тонноор, малын тэжээл 306 тонноор өссөн дүнтэй байна.

- Хавар тариалалт эхлэх үеэр төлөвлөж байсан ургацаа хурааж чадсан уу?

- Энэ жил ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг даргатай буудай 15651 тонн, тосны ургамал 2400 тонн, төмс 6912 тонн, хүнсний ногоо 15441 тонн ургац хураан авч 12580 га чанар сайтай уринш боловсруулахаар гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч гангийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нийт төлөвлөгөөт ургацынхаа 67.3 хувийг хураан авлаа.

- Энэ жилийн хувьд ургац борлуулалт дээр хэрхэн анхаарсан вэ?

- Буудайн борлуулалтын хувьд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүд болон ХХААХҮЯ-ны ТЭДСанд зэрэглэлээсээ хамаарч 1 тонныг 480-540 мянган төгрөгөөр борлуулалт хийж байна. Манай аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ аймгийн үйлдвэрлэлээр 100 хувь хангаж, үлдсэн хувийг аймаг, нийслэлийн зах зээлд нийлүүлдэг боловч үйлдвэрлэж байгаа хүнсний ногооныхоо 10 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаагаас үзэхэд том, дунд, бага оврын үйлдвэр, цехүүдийг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм.

- Улаан буудайн хувьд зоорь агуулах хангалттай байдаг бол төмс болон бусад хүнсний ногоог хадгалах зоорь сав муу байдаг. Дархан-Уул аймагт зоорийн асуудлыг яаж шийдэж байна вэ?

- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр хүн амын хэрэгцээг бүрэн хангаж байгаа хэдий ч нэр төрлийн хувьд хангалтгүй тухайлбал, байцаа, манжин, сармисны хэрэгцээний 17.2-67.5 хувийг л хангаж байна. Иймээс орон нутгийн үйлдвэрлэлийн бололцоотой бүх л чиглэлээр хүнсний ногооны нэр төрлийг олшруулан, тариалалтыг шатлан нэмэгдүүлэх явдал чухал байна.
Аймгийн хэмжээнд үр тариа хадгалах 3330 тонны багтаамжтай 13 агуулах, төмс, хүнсний ногооны 10800 тонны багтаамжтай 908 зоорийг 12 аж ахуйн нэгж, 128 иргэн эзэмшиж төмс, хүнсний ногоог хадгалан зах зээлд нийлүүлж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг өрхийн тариаланд тулгуурлан хөгжүүлэх, зориулалтын агуулах зоорийн багтаамжийг нэмэгдүүлэх, зорилгоор Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 11-ны 16 дугаар тогтоолоор “Ногоон хувьсгал-III” дэд хөтөлбөр (нийт төсөв-1613.1 сая. төгрөг)-ийг батлуулан ажиллаж байна

- 9, 10 дугаар сард хур тунадас элбэг байна. Ойрын хоногуудад ч ихэд хүйтэрч байна. Малчид хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авсан уу?

- Саяхан орсон хур тундас нойтон цасны улмаас боож, хурааж амжаагүй өвс, сүрэл цасанд даруулсан. 10 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар нийт 63421,2 тонн байгалийн хадлан бэлтгэхээс бэлтгэх хадлангийн 62,2 хувь буюу 39460 тонн хадлан бэлтгээд байна. Мөн сүрэл 232 тонн, ногоон тэжээл 65 тонн, үйлдвэрийн тэжээл 986,5 тонн, дарш, ногооны хаягдал 60,8 тонн, давс хужир шүү 546, гар тэжээл 1 тонныг тус тус бэлтгээд байна.

- Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулав?

- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах зорилгоор Засгийн газрын тогтоол, ХХААХҮСайдын албан даалгавар, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөөг боловсруулан сумдад хүргүүлэн чиглэл өгч ажиллаж байна. Цаашид мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул малчид өвөлжилтийн хувийн бэлтгэлээ сайн хангаж болзошгүй байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Иймд малын тэжээл, хадлан бэлтгэл, отор нүүдэл хийх, малын дулаан хэвтэр бэлтгэх, хашаа хороогоо дулаалах зэрэг арга хэмжээнүүдийг эртнээс базааж зудаас урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан тохиолдолд болзошгүй бэрхшээлийг хохирол багатай даван туулах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%