Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Б.ЖАВХЛАН: АЛЬ БОЛОХ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ЗОРЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-11-30

Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өнгөрөгч оноос эхлэн хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсээс уг хөтөлбөрийн ач холбогдолыг олон нийтэд өргөн сурталчлах, хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор зарласан “Санхүүгийн боловсрол” аяныг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Энэ тухай Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн захирал Б.Жавхлантай ярилцлаа.

- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлэх үү?

- Юуны өмнө танай сонингоор дамжуулан нийт Дарханчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай хэлтэс нь 1961 онд Улсын банкны хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан цагаас эхлэн орон нутагт тасралтгүй мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, банкуудын үйл ажиллагааны хяналт, банк хоорондын төлбөр тооцоо, бэлэн мөнгөний эмиссийн үйл ажиллагааг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 12 ажилтны бүрэлдэхүүнтэй явуулж байна.

- Монголбанкнаас иргэдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ихээхэн анхаарах болсон. Тэгэхээр Санхүүгийн мэдлэг гэж яг юуг хэлээд байгаа талаар эхлээд тайлбарлаж өгөөч?

- Санхүүгийн мэдлэг гэдэг нь өргөн утгаараа мөнгөтэй холбоотой гаргаж буй аливаа шийдвэрээ аль болох оновчтой байлгах үүднээс тухайн хүн мэдээлэл цуглуулж, түүн дээрээ дүгнэлт хийх чадвар, арга барилыг хэлж буй. Орчин үед эдийн засагт санхүү, мөнгөтэй холбоотой маш олон бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсон байна. Зөвхөн банкны хадгаламж л гэхэд дотроо маш олон төрөл бий. Эдгээрээс алийг нь сонговол танд хамгийн ашигтай вэ гэдэг нь наад захын мэдлэг шаардсан асуудал юм. Дээр нь инфляци, ханшийн нөлөө гэх мэт эдийн засагт өрнөж буй үйл явдлууд таны хадгаламжид хэрхэн нөлөөлөх вэ? Банкинд хадгалуулахгүй бол өөр ямар сонголт бидэнд байж болох вэ? Тэдгээрийн эрсдэл нь юу вэ? Энэ бүх дүр зургийг томоор нь олж хараад, өөрт хамгийн оновчтой шийдвэр гаргах чадвар чухал юм. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх суурь ойлголтоос эхлээд, эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа хүртэлх цогц мэдлэг, эдгээр дээр дүгнэлт хийх чадварыг санхүүгийн мэдлэг гэж энгийнээр ойлгож болно.

- Тэгвэл иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь тухайн иргэнд болоод нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

- Монголбанк боловсролын байгууллага биш учраас санхүүгийн мэдлэгийн талаар ярихаар яагаад гэж гайхах, эсвэл үндсэн ажил нь биш гэж ойлгох хүн цөөнгүй. Гэхдээ Төв банк эдийн засгийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд санхүүгийн боловсролд анхаарахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогыг илүү сайн ойлгох нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байдалд эерэгээр нөлөөлж буй. Иймд Төв банкууд санхүүгийн боловсролд анхаарч буй нь боловсролын байгууллагуудын урдуур орж ажлыг нь хийх гээд байгаа зүйл биш, харин мөнгөний бодлогынхоо нөлөөллийг дээшлүүлэхийн тулд хийж буй зүйл юм. Тийм ч учраас дэлхийд тэргүүлэх гол Төв банкууд бүгд санхүүгийн боловсролын хөтөлбөртэй байна.

- Иргэдийнхээ санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгдөг. Ер нь манай иргэдийн санхүүгийн боловсролын түвшин өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

- 2011 оны байдлаар 26 улс санхүүгийн боловсролыг дээшлүүлэх албан ёсны хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх шатандаа явж байсан бол 2016 оны байдлаар 60 улс олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, тусгайлсан стратегитай болоод байна. Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа улс орнууд дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн мэдлэгийн түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийнхөө чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлдог гэж ойлгож болно. Өөрийн улс орны онцлогт тохирсон агуулгатай хөтөлбөрүүд амжилтанд хүрч, харин тэгж чадаагүй бол үр дүн багатай байдаг. Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдал, иргэд олон нийтийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг олон улсын түвшинтэй харьцуулан судалгаа хийхэд харамсалтай нь хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.  Судалгаагаар манай улстай ижил түвшний орлоготой бусад орны иргэдийн адилаар Монголчуудын дийлэнх олонх нь хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтэй шийдвэр гаргах, хууль ёсны эрхээ хамгаалуулахад шаардлагатай санхүүгийн үндсэн ойлголтын талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байгаа нь тодорхой харагдсан байдаг. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчдийн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг хүргэдэг, эрх нь зохих хэмжээнд хамгаалагдсан байхыг баталгаажуулах нь чухал гэж үзсэн. Иймээс Монголбанк, Сангийн яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд явж байна.

- Хөтөлбөрийн хүрээнд манай аймагт гурван сарын аян зарласан байна. Ямар ямар ажлууд хийгдэж байна вэ, хэр удаан үргэлжлэх вэ?

- Манай аймаг гэлтгүй улс орон даяар 2017 оныг дуустал “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” аяныг зарласан байгаа. Аяны хүрээнд ЕБС болон их дээд сургуулийн оюутан сурагчид, ард иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдад аяны мэдээлэл хүргэж, хэрхэн хуримтлал бүрдүүлэх, өрхийн санхүүг яаж төлөвлөж хэрэгжүүлэх, өр зээлэнд орохгүй байх боломж гээд санаа сэдэл авах олон зүйлийг зааж, тухайн бүлэгт тохирсон сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээнүүдийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

ЕБС-ийн багш нар болон дунд, ахлах ангийн сурагчдын дунд “ХУРИМТЛАЛЫН АВДАР” бүтээх уралдааныг зарлалаа. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад ойлгомжтой байх үүднээс “Ану, Анар 2” нэртэй комикс ном, мөн санхүүгийн ойлголт бүхий 13 цуврал номны дээжийг аймгийн “ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН”, “ТӨВ НОМЫН САН”-гийн номын фондод хандивлалаа. Мөн Монголын Скaутын Холбооны Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зөвлөлийн бүлгийн удирдагч нарт санхүүгийн боловсрол олгох цуврал номынхоо дээжийг бэлэглэсэн. “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Од цогцолбор сургуулийн дунд ангийн сурагчдын дунд АХА тэмцээнийг Голомт банктай хамтран зохион байгууллаа.

- Аянд ямар байгууллагууд нэгдэж, хамтарч ажиллаж байгаа вэ?

- Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудыг би дээр хэлсэн. Харин манай аймгийн хувьд 3 сарын хугацаатай үргэлжлэх энэхүү аянд аймгийн ЗДТГазар, Боловсрол соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд зэрэг олон байгууллага, хувь хүмүүс манай хэлтэстэй хамтран аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

- Санхүүгийн боловсролыг хүүхдэд бага наснаас нь олговол илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Улмаар залуучуудад болоод насанд хүрэгчдэд санхүүгийн боловсролыг хэрхэн олгох вэ?

- Санхүүгийн боловсрол гэдэг өргөн чухал ойлголт боловч иргэн бүр өдөр тутамдаа санхүүгийн харилцаанд орж байдаг гээд бодохоор бас энгийн зайлшгүй хэрэгтэй ойлголт гэж боддог. Ялангуяа хүүхэд багачуудын хувьд санхүүгийн суурь мэдлэгүүдийг системтэй сайн олгож чадвал ирээдүйд санхүүгийн мэдлэг өндөр Монгол улсын хүчирхэг иргэн болж төлөвших бололцоотой бөгөөд нийт иргэд нь санхүүгийн мэдлэг, мэдээлэл сайтай бол улсын хөгжлийн нэг тулгуур болно гэж би боддог. Хувь хүний санхүүгийн суурь ойлголттой болж, төлөвших нас нь хүүхэд наснаас эхэлдэг тул бид энэ удаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Орхон сумдын ЕБСургуулийн нийт 130 гаруй сурагчдад санхүүгийн суурь ойлголтуудын талаарх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

- Хөтөлбөртэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд хаанаас авч, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй ажлуудад хамрагдах боломжтой вэ?

- Сошиал орчин эрчимтэй хөгжиж буйтай зэрэгцэн бид Монголбанктай холбоотой болон “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” аяны тухай мэдээллийг цаг алдалгүй “Дархан Монголбанк” фэйсбүүк, мөн “Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс”, Монголбанк /Монгол Улсын Төв банк/ гэсэн цахим хуудсуудаар дамжуулан хүргэж байна. Сургалт, мэдээлэл авах бол манай хэлтэс болон Насан туршийн боловсролын төвд хандаж болно. Мөн орон нутгийн телевизүүд, сонин хэвлэлд цаг тухай бүр мэдээллийг хүргэж байгаа. Бид энэ аяны хүрээнд аль болох хүүхэд багачууд, оюутан залуус, ард иргэддээ газар дээр нь очиж мэдээлэл өгөхийг зорин ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%