Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 55 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2017-12-06

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо энэ жил 55 жилийн ойтойгоо золгож байна. Тус холбооныхон ойн баяраа энэ сарын 21-23-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаатай ойн баярын бэлтгэл ажил зарим асуудлаар ярилцлаа.

- Эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэхэд анхаарч ажилладаг нь мэдээж хэрэг юм.Та холбооныхоо эрхэм зорилгыг тодорхойлооч?

- Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь “Эрдэм боловсрол, Эрч хүч, Эв нэгдэл = Хамтын хүч” гэсэн уриатай. Эмэгтэйчүүдийнхээ үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, яс үндэс, хөрөнгө чинээ, албан тушаал зэргийг үл харгалзан тэдний нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалах, төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох болон эмэгтэйчүүдийг бүх талаар хөгжүүлэхэд оршиж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд хэчнээн хүн багтаж байгаа вэ?

- Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоонд удирдах зөвлөлийн гишүүд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй, Холбооны дэргэдэх Хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд ажилладаг.

- Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 55 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ямар ямар ажлуудыг хийв?

- Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ой, Эмэгтэйчүүдийн ордон байгуулагдаад 30 жилийн ойг бид 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд:

Нэгдүгээрт, Дархан-Уул аймагтаа “Хайр дүүрэн гар” аян өрнүүлж аяныхаа нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүлж эмэгтэйчүүддээ тусламжуудаа хүргэж байна. Аянд маань хөдөлмөр халамжийн байгууллагаас байнга тусламж аваад байдаггүй өрх толгойлсон, ажил хийе гэсэн ч ажилд авдаггүй, өвчтэй боловч боломжгүйн улмаас эмчлүүлж чаддаггүй, амьдралд нь жаахан дэм болоод өгвөл урагшлах боломжтой эмэгтэйчүүдийг хамруулж байна. Бид 03 дугаар сарын 02-оос эхлэн тусламж үзүүлэх эмэгтэйчүүдийнхээ судалгааг багийн засаг дарга болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нартайгаа хамран эхлүүлсэн. Улмаар тавдугаар сарын 20-ноор аяны нээлтээ хийсэн. Дархан-Уул аймгийн томоохон албан байгууллагууд, хувь хүмүүс маань аянд маань нэгдэж байгаа учир бид дараалалтай бас сонирхолтойгоор аяныхаа үйл ажиллагааг амжилттай явуулах зорилгоор шилжин явах цомыг хийж эхний байгууллага болох "Дархан Ус суваг" ХК нь гардан авч 3 эмэгтэйд тусалсан байгаа. Энэ мэтээр үргэлжилсээр бид 10 сард багтаан аянаа өндөрлүүлэх юм.

Хоёрдугаарт, Өөрсдийн нөөц, боломж бололцоондоо тулгуурлаж, мөн бидэнд хандив өргөн хамтран ажилласан хувь хүн, албан байгууллагуудынхаа тусламжтайгаар Эмэгтэйчүүдийн ордныхоо гадна, дотор засварын ажил хийлээ.

Гуравдугаарт, Ордныхоо урд талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар нэлээдгүй тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Бидний энэ их ажлыг дэмжин хамтран ажиллаж хандив, туслалцаа үзүүлсэн байгууллага, хувь хүмүүстээ маш их баярлаж байгаагаа энэ ташрамд хэлмээр байна.

Дараагийн нэг том ажил маань Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Зуны сургалт” тойрон аяллыг өөрийн аймагтаа зохион байгуулж байна. Зуны сургалтад Монгол улсын 21 аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж манай аймгийн түүх дурсгалуудтай танилцахаас гадна хоорондоо туршлага хуваалцаж байгаад баяртай байна.

- Зуны сургалтыг аймагтаа зохион байгуулж байна. Өмнөх жилүүдийн сургалтуудаас юугаараа онцлог байгаа вэ?

- Аймаг аймгийн газарзүй болоод ёс заншил өөр өөрийн гэсэн илэрхийлэлтэй байдаг. Манай хот бол Монгол улсын 2 дахь том хот. Энэ том хотын эмэгтэйчүүдийн байгууллага 55 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Нөгөөтээгүүр МЭХ-ны уламжлалт "Зуны сургалт" тойрон аяллын 20 жилийн ой тохиож байна. Эдгээр түүхэн ойнуудыг иргэд олон нийтэд сурталчлах, Хөгжлийн загвар Дархан хотын эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг нийслэл дүүрэг 21 аймгийнхаа эмэгтэйчүүдтэй хуваалцах зорилгоор энэ жилийн зуны сургалтыг өөрийн аймагаа зохион байгуулах хүсэлтийг тавьсан.Энэ дагуу манай аймагт Улаанбаатар хот, 9 дүүрэг, 15 аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн хүрэлцэн ирэхээр мэдүүлгээ өгөөд байна.

-Холбооны гишүүн байгууллагууд эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх ашгийг хамгаалсан ямар ажил хийж байна. Ер нь Дарханы эмэгтэйчүүдийн байгууллага сүүлийн жилүүдэд ямар амжилттай ажиллаж ирэв?

- 55 жилийн түүхтэй Эмэгтэйчүүдийн холбоо маань Монголын эмэгтэйчүүдийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд жил бүр хийсэн ажлын тайлангаа хүргүүлж, хийсэн ажил маань дээгүүр байр эзэлдэг нь бидний хувьд амжилт юм. Одоо төсөл хөтөлбөрөөр санхүүжин хэрэгжиж байгаа Жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв, Үсчний сургалтын төвийн ажлууд амжилттай эхэлсэн байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд гээд 20-иод гишүүн байгууллагуудтай. Өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалж эмэгтэйчүүдийн эрх ашиг, жендэрийн эрх тэгш байдал хангагддаггүй. Бид энэ тал дээр хамтран ажиллаж сургалт зөвлөгөө өгөх замаар хамтран ажилладаг.

Эмэгтэйчүүдийн холбооны нэрэмжит олон ажлууд нэрлэж байна. Хамгийн сайхан ажил нь ямар ажил вэ?

Миний хувьд бол бүхий л эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж байгаа бүхий л ажил минь сайхан. Энэ дундаас онцолбол хамгийн сайхан ажил нь Цэнгэлсайхан даргын үеэс жил бүр уламжлал болгон өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулсан "1000 ээжийн баяр"-ын үйл ажиллагаа маань хамгийн сайхан нь. Олон сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, буурлуудаа баярлуулж чаддаг сайхан ажил юм.

- Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж та дээр хэллээ. Байгууллагын санхүүгийн асуудлыг хэрхэн шийддэг.Таны дээр хэлсэн ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд нэлээн хөрөнгө мөнгө шаардаж байгаа байх?

- Мэдээж тэгэлгүй яахав. Энд манай байгууллага гишүүд дэмжигчид, анхан шатны болон удирдах зөвлөлийн гишүүд, хамран ажиллагч байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагынхаа тусламжтайгаар үйл ажиллагаа зохион явуулдаг юм аа. Дэм дэмэндээ Дээс эрчиндээ гэдэгдээ бид хамтдаа эв нэгдэлтэй байж эдгээр ажлуудаа хэрэгжүүлж чаддаг юм.

Холбооныхоо үйл ажиллагаанд орон нутагт байгаа эмэгтэйчүүддээ хэрхэн татан оролцуулж байна вэ?Гишүүнчлэл ямар түвшинд байна?

- Дархан-Уул аймгийн хэмжээнд 4 сумтай. Дархан сумын 18 багт манай холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлүүд ажилладаг. Хонгор, Орхон, Шарын гол сумдуудад сумын эмэгтэйчүүдийн зөвлөл ажилладаг. Нийт 21 эмэгтэйчүүдийн зөвлөл дарга, тэргүүлэгчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг учир холбооноос зохион явуулж буй үйл ажиллагаануудад манай зөвлөлийн дарга нар маань маш идэхтэй эмэгтэйчүүдээ татан оролцуулдаг.

- Гадаад улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?

- Байгаа байгаа. Гадаад улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудынхаа талаар судалгаа хийж, харилцаа тогтоож, хамтран ажиллах бидний бас нэгэн том зорилт юм.

Эмэгтэйчүүдийн идэвх оролцоо ямар байна?

- Манай аймгийн эмэгтэйчүүд аливаа ажил зохион байгуулахад сэтгэлээрээ маш сайхан дэмжин хүлээн авч идэвхтэй оролцдог. Бид өшөө ч илүү аймгийнхаа бүхий эмэгтэйчүүдийг татан оролцуулах зорилготой олон төрлийн ажлыг зохион байгуулна.

Холбооны дэргэдэх сургалтуудад эмэгтэйчүүд маань хэрхэн хамрагдаж байна вэ?

- Холбооны дэргэдэх гар урлал, дээл хувцас оёх, даалин урлах, шүрэн эдлэл хийх зэрэг сургалтуудад маань охид, эзэгтэй нар маш ихээр сонирхон суралцаж байгаа. Энэ жилээс бид Жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв, Үсчний сургалтын төвийг мэргэжлийн өндөр түвшинд явуулахаар ажиллаж байна. Мөн Хууль, эрх зүй, сэтгэл зүй, жендэрийн эрх тэгш байдлын талаар шат дараалласан сургалт семинар явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

- Манай аймаг шиг өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн ордонтой холбоо бусад аймагт байдаггүй байх аа?

- Манай аймгийн эмэгтэйчүүдийн ордон барьж байгуулагдсанаас хойш өдгөө 30 жил босгон дээр ирлээ. Энэ бидний хамгийн том бахархал юм. Зарим аймгууд маань өөрсдийн байр, ордонтой болж байгаа.

Залуу хүний хувьд эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэхээр зориг шулууджээ. Өмнөө тавьсан ойрын зорилго?

- Баярлалаа. Миний ойрын хугацаанд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлуудаа энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа жигдрүүлж, аймгийн эмэгтэйчүүдээ улам идэвхжүүлэн хамтран ажиллах болно оо.

Ярилцсанд баярлалаа.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%