“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр
булчирхайн тасгийн эмч Н.Юмчинсэрчин, Ч.Мөнхзаяа, Б.Минжүүр нар Архангай
аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд ажиллалаа. Эмч нар
хоёр өдрийн хугацаанд ажиллахдаа 150 хүнд элэгний В, С вирусын
эмчилгээний дараах хяналтын үзлэг хийж, нойр булчирхайн хавдрын хоёр,
элэгний анхдагч хавдрын дөрвөн сэжиг бүхий тохиолдлыг илрүүлж, мөн элэг
шилжүүлэн суулгуулах шаардлагатай хоёр хүнд зөвлөгөө өгсөн юм.
Дээрх эмч нар Архангай аймагт анх удаа нэг хүнд элэг тайрах мэс засал,
элэгний эрт үеийн хорт хавдартай хоёр хүнд түлэх эмчилгээ, элэгний
буглаанд гуурс тавих ажилбарыг нэг хүнд амжилттай хийгээд буцлаа.
Энэхүү мэс ажилбарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай
хамтран хийснээр Архангай аймагт цаашид элэгний хавдрын мэс заслын
эмчилгээ хийгдэх үндэс тавигдлаа гэж үзсэн юм.