2017 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Индонези улсын нийслэл Жакарта
хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн
зохиогджээ. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны
болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн
ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж
Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт
амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90
медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй
ялалт байгуулжээ. Манай аймгаас тус тэмцээнд 15 дугаар сургуулийн
12а ангийн сурагч Э.Лхагвадулам оролцож өсвөр насанд ‘Түүхэн үйл явдал’,
‘Хурдны хөзөр’, ‘Хоёртын тоолол’ болон ‘Олон багц хөзөр’ төрлүүдэд дэлхийн 7
дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүнгээр тэргүүлж Олон улсын Их мастерын
болзлыг хангасан байна.
Харин ОИЦ сургуулийн 6-1 ангийн сурагч О.Ганжигүүр бага насны ангилалд
мөнгө, хүрэл медаль хүртжээ. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан
энэхүү 2 сурагчдыг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээлгэн авч хүндэтгэл
үзүүлэн шинэ жилийн бэлэг, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.