Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсвийн 31 хувийг дангаараа бүрдүүлдэг

2018-01-05

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн 24tsag.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Х.Болормаа гэх шавилхан бүсгүйтэй танил болоод удаагүй байна.Түүнтэй уулзах тоолонд дандаа л ажил ярьж, бусдын төлөө гэх сэтгэл нь оргилж явах нь бий. Ийм нэг эрхэмсэг хатагтайг “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.

Хийсэн бүтээснээ дүгнэж, цэгнэдэг торгон мөчид та бид хоёр ярилцаж байна. Та Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаад жил илүүтэй боллоо.   Х.Болормаагаар авторлогдож үлдэх ямар,  ямар ажлыг хийв?

-“Өглөөний шуудан” сонин болон “24tsag.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрдөг юм байна. Сүхбаатар хэмээх их айлыг тэргүүлэх болсноор жил гаруй болжээ. Улиран одож буй 2017 онд Сүхбаатар дүүргийн иргэд төдийгүй манай хамт олон цаг завгүй хөдөлмөрлөж, тэр хэрээр амжилт бүтээл арвин байлаа хэмээн дүгнэж болно.Бэрхшээл ч багагүй тулгарч байсныг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Бэрхшээлгүй амьдрал гэж хаана байх билээ. Хамгийн гол нь манай хамт олон тэр бүхнийг ялж, шийдэж чадсан учраас амжилт бүтээл арвин байлаа хэмээн зоригтойгоор өгүүлж байгаа хэрэг. Миний хувьд өмнө дүүрэгтээ ажиллаж байсан, тогоонд нь чанагдаж, иргэдийнхээ жаргал зовлонг  хуваалцаж, үүрэлцэж явсан болохоор  ажлаа юунаас эхлэх билээ хэмээн тэвдэж сандарсангүй. Нийслэлийн Засаг дарга Батболдоос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах  батламжаа гардаж авсан тэр өдөр /2017 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр / цас маш их орж байсан. Тиймээс шууд л  цас цэвэрлэх асуудал руу анхаарлаа хандуулсан. Ер нь дүүргийг олон хүүхэдтэй айлын амьдралтай дүйцүүлж болно. Олон хүүхэдтэй айлын амьдрал яаж өрнөдөг билээ, түүн шиг. Засаг даргын хувьд аль болох иргэддээ ойр байж, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд  анхаарал тавьж, миний, бидний зүгээс шийдвэл зохих  зүйлүүдийг нь цаг алдахгүй шийдэж өгөхийг хичээлээ. Түүнчлэн “Хөдөлгөөнт оффис”-ын зарчмаар  алслагдсан хороо, багуудад ажиллаж, төрийн үйлчилгээ авч чадахгүй байсан иргэн бүрт хүрч ажиллаа. Бидний санаачилсан энэ ажил нийслэлийн есөн дүүрэгт анхдагч болж,  манай зарчмаар дүүргүүд ажиллах болсонд бид баяртай  байгаа. Иргэд маань ч таатай хүлээж авсан. Үнэндээ алслагдсан хороонд өндөр настны тэтгэвэртээ суусан, тэр бүр хотын төв, дүүрэг рүү ирж  төрийн үйлчилгээ авах боломжгүй хүмүүс аж төрдөг. 

Тэд ямар үйлчилгээг хүсдэг вэ гэхээр амьдралд нь нэн шаардлагатай нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж гэсэн захиргаа, хуулийн хэлтсийнхний үйлчилгээнээс гадна газрын алба, мэргэжлийн хяналт, дэд бүтэцтэй холбоотой  асуудлыг шийдэж өгөхийг хүсдэг.Ер нь дүүрэгт ирсэн санал гомдлын 80 орчим хувь нь газрын албатай холбоотой асуудал байдаг учраас ”Хөдөлгөөнт офисс” үүнийг л газар дээр нь шийдвэрлэхийг чухалчилсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 42 асуудлыг яг газар дээр нь шийдвэрлэж, 180 гаруй асуудлыг  нийслэл болон холбогдох хэлтэс рүү нь явуулсан. Өөр нэг онцлох зүйл бол дүүргийнхээ иргэдэд тайлангаа тавьлаа. Манай иргэд дүүрэг хичнээн төгрөгийн орлого бүрдүүлдэг юм, түүнийгээ яг юунд зарцуулдаг талаар мэддэггүй байсан. Тэр байтугай нийслэлд татаас өгдөг гэдгийг ч мэддэггүй байсан. Тиймээс  би 2017 онд хийсэн ажлынхаа  тайланг  иргэддээ тавих нь зөв юм байна гээд хороодоороо явж танилцууллаа.  Өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хэдий ч иргэддээ  зарим зүйлийг тайлагналгүй өнгөрч байсан байх юм. Үүний илрэл нь дээр өгүүлсэн дүүргийн нэгдсэн төсөв яг юунд зарцуулагдсаныг иргэд  мэддэггүй байсан явдал. Тэр утгаараа илэн далангүй байя. Иргэд яагаад  үүнийг мэдэх ёсгүй гэж. Уг нь мэддэг, хянадаг, санал бодлоо хэлдэг байх ёстой байхгүй юу. Өмнөх дөрвөн  жилд бид засаглалын таатай нөхцөлд ажиллажээ. Өөрөөр хэлбэл, нэг нам анхан, дунд, дээд шатандаа төрийн эрхийг  барьж байсан учраас ажил явуулахад нээлттэй, зам нь  дардан байж. Хөрөнгө оруулалт ч сайн байж. Ганцхан жилд  18-24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулат хийсэн байх жишээтэй. Зөвхөн хөрөнгө оруулалтыг ярихад шүү дээ.   Гэтэл  2017 онд хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин буурч дөрвөн тэрбум төгрөг болсон.Тоон үзүүлэлтийн хувьд асар их ялгаа харагдаж байгаа биз.   Энэ байдлыг далимдуулж, зарим ухамсар мөчид хүмүүс хар  PR хийсэн.Тиймээс бодит байдлыг ард иргэддээ танилцуулъя, ямар хэмжээний хөрөнгө оруулалт төсөвт сууж өгөв, нөгөө 18 тэрбум төгрөг, 24 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан мөнгө хаачив.  Яагаад дөрвөн  тэрбум 500 сая төгрөг болчихов. Энэ бүхнийг иргэддээ ойлгуулах  үүднээс тайлангаа нээлттэй тавилаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Төсвийн тухай хуульд 2016 оны есдүгээр сард нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалт эсрэгээр багассан. Өмнөх жилүүдэд нийслэлд таван тэрбумийг төвлөрүүлдэг байсан бол 2017 онд 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр болсон. Энэ нь бидэнд томоохон ачаа болсныг нуугаад яах вэ.

 -Уучлаарай, нийслэлд хичнээн дүүрэг татаас өгдөг юм бэ.

-Нийслэлд  дөрвөн дүүрэг татаас өгдөг. Гэхдээ манай дүүрэг хамгийн их нь буюу нийт төсвийн 31 хувийг төвлөрүүлдэг. Та бод доо, есөн дүүргээс ганцаараа манайх  31 хувь гэдэг бол маш өндөр тоо. Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх  нийслэлээс татаас авдаг. Гэтэл манайх. Энэ мэт зовлон байх л юм.Нөхцөл байдал ийм байхад  зарим хүн хөрөнгө мөнгөтэй атлаа юм хийхгүй байна  гэхчилэн сөрөг мэдээллийг цахим ертөнцөөр  тараах л юм.  Яах вэ, үнэн хэзээд ялдаг шүү дээ.  Энэ үүднээс хөрөнгө оруулалатынхаа дөрвөн тэрбум 500 сая төгрөгийнхөө 50 хувийг захын хороодыг бүтэн гэрэлтүүлэгтэй болгоход зарцууллаа.Сүхбаатар дүүргийг Монгол Улсын  зүрх нь,хоймор нь болсон  хэмээн сайн сайхнаар бичиж, ярьдаг. Яг үнэндээ 100 айлаас  хойш  хороод маань шалбаагтайгаа, хогтойгоо, харанхуй гудамжтай хэвээрээ л байгаа шүү дээ. Гэрэлтүүлэггүй газарт гэмт хэрэг их гардаг. Зуслангийн гэгдэх хороодод хулгай байнга гардаг. Үүнийг  нам дарах арга нь ерөөсөө  бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох явдал. Энэ утгаараа гэрэлтүүлэг тавих ажил руу зоригтойгоор, ханцуй шамлан орсны хүчинд ихэнх   ХХ  хороог гэрэлтүүлэгтэй болсон. Харамсалтай нь  зорьсон ажлынхаа ард 100 хувь гарч чадаагүй.Байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулаад дөрвөн тэрбум 500 сая төгрөгийнхөө хоёр  тэрбум 100 сая төгрөг орчмыг нь гэрэлтүүлэгт хуваарилсан. Үлдсэн мөнгийг нь 50, 60-аад оны эхээр ашиглалтад орсон  хуучны байрнуудынхаа  дээвэр, орцыг засч янзаллаа. Мөн цөөн тооны цэцэрлэгийн цахилгааны мантожийг сольж, дээврийг нь шинэчиллээ. Ингээд л мөнгө маань дууссан. Хөрөнгө дутсан ажлуудаа ирэх 2018 онд гүйцээх санаа байсан ч 2018 оны хөрөнгө оруулалтыг  нойль шахуу гэж хэлж  болно. Хэд гээч, хоёр  тэрбум. Харин нийслэлд төвлөрүүлэх ёстой 45 тэрбум төгрөгөөсөө 9.1 тэрбум төгрөгийг хассан.Сүхбаатар дүүрэгт долоон  том банк үйл ажиллагаагаа явуулдаг.  Эдгээр банк зөвхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсэрт бус  улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь л манайд байдаг хэрэг. Энэ утгаараа манайх татаас өгдөг. Хоёр банк өөр  дүүрэг рүү шилжсэн учраас 9,1 тэрбумыг хассан юм билээ. Дээр нь иргэд өөрсдийн үзэл бодол, нийгмийн байдлаас шалтгаалаад хадгаламжаа татсан.Одоо 2018 онд  манайх 36 тэрбум 500 сая төгрөг төвлөрүүлнэ.Гэхдээ л чанга.Үүнийг   сүхбаатарчууд маань  ойлгох байх гэж бодож байна.Иргэдийн санал болгосон хөрөнгө оруулалт шаардсан ажлууд хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байдаг. Ардаа наах уу, өвөртөө наах уу гээд л тархиа гашилгаж сууна. Ямартай ч гэрэлтүүлэгтээ 600 сая гаруй төгрөг суулгалаа. Тэр нь камержуулалт. Гэрэлтүүлэг тавихтай  зэрэгцүүлээд камераа тавих хэрэгтэй юм билээ. Үүнийг шийдэж гэмээнэ гэмт хэрэг, хог хаягдлаасаа  сална. Тэр утгаараа  цогц юм хийх гээд зүтгэж  байна. Зүтгэнэ ээ зүтгэнэ.Сүүлийн үед хог хаягдалтай нилээн тэмцэж байна. Хогтой тэмцэхээс илүүтэй иргэдийнхээ оюун бодолтой тэмцэхгүй бол явахгүй нь ээ.  Хогийн сав байсаар байхад бараадуулсхийгээд чулуудчих юм. Би нүдээрээ үзлээ.  Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй. Өөрөө газар дээр нь очиж хөөе, хаая гэж байж хур хогноосоо саллаа.  I-YIII, Х гээд нийтдээ найман хорооны гол цэгт 25 ширхэг хогийн чингэлэг тавьсан. Их боловсон, хогоо хийх  цонхтой бас шаттай. Хөрсийг нь бохирдуулахгүй гэх цементлэж, саваа  газраас хөндий байршуулсан. Хаалга нь хог ачих машин ирэх үед л онгойно. Мөн орчныг нь хянах  360 хэм эргэдэг  хамгийн сүүлийн үеийн камер суурилуулсан.  Дээр нь манайхан өмнө ТҮК-тай буруу гэрээ хийсэн байдаг юм. Рейс болгоныг нь 135 мянган төгрөгөөр үнэлнэ гээд. СБД-ийн нутаг дэвсгэр ямар билээ. Манай төсөвлөсөн мөнгө хүрдэггүй, хэл ам болдог. Үүний цаана өөр эрх ашиг нуугдаж байдаг. Энэ мэтчилэнгийн маш олон асуудал байсан учраас ерөөсөө асуудлыг өөр өнцгөөс шийдэх ёстой гэж үзээд  хог хаягдлын ухаалаг систем буюу шинэ менежментийг хэрэгжүүлээд явж байна. Уржигдар туршилт хийж үзлээ. Хогны асуудлыг шийдэж болдгийг Солонгост ажлаар явж байхдаа анзаарч ажил хэрэг болгож байгаа маань энэ.  Одоо бидний дараагийн сэдэв бол утаатай тэмцэх. Сургууль, цэцэрлэгийн барилгад агаар цэвэршүүлэгч суурилуулах асуудал. Мөн онцлох бас нэг мэдээ бол дүүргийнхээ албан хаагч ажилчдын нийгмийн асуудлыг бага боловч шийдэж чадсан явдал. Манай хорь гаруй албан хаагч ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй байсан. Тэднийгээ зээлд хамрууллаа. Албан хаагчид маань өндөр сэтгэгдэлтэйгээр ажлаа хийх болсон. Эцэст нь хэлэхэд, СБД-ийг хог хаягдалгүй,  бүрэн гэрэлтүүлэгтэй, зам талбайн асуудал нь цогцоор шийдэгдсэн, шавар шалбаагнаасаа салсан орчин үеийн дүүрэг болгохын төлөө манай хамт олон чадах бүхнээ хийж байна даа.

-100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх  асуудал олон жил яригдсан авч шийдэгдэхгүй л юм. Дүүргийн татварын орлогод нэмэртэй болоод та бүхэнд  нүүлгэх сонирхол байдаггүй юм уу? 

-Энэ бол Сүхбаатар дүүргийн хэмжээнд байтугай нийслэлийн хэмжээнд яригддаг асуудал. Хэрвээ миний чадал хүрдэгсэн бол өнөөдөр ч хамаагүй нүүлгэж орхимоор байна. Ойрын үед шийдэх байх. Нийслэл “Да хүрээ” захыг нүүлгэж чадлаа шүү дээ. Барилгын материалын захыг нүүлгэж гэмээнэ 100 айлын замын түгжрэл саарна. Төр, засаг маань ямар нэг байдлаар  зохицуулалт хийх нь дамжиггүй. Ер нь бол барилгын материалын зах нийслэлээс дор хаяж, 10 км  алс байх ёстой. Хүн өдөр бүр байрандаа засвар хийж,  обойгоо сольдоггүй биз дээ. Гурван жилд нэг удаа 10 км яв л даа.  Төвлөрлийг сааруулахын тулд  хотоос гадагш  гаргах нь хамгийн зөв шийдэл.

-Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үед Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх сайхан зүйл хэрэгжиж байснаа эдүгээ таг боллоо. Намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлийг  биелүүлэхийн төлөө та юу хийж байна вэ. Тэгээдч та дүүргийнхээ Ардчилсан намын дарга шүү дээ?

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол цаг үеэ олсон  хөгжлийн зөв алхам байсан.

Манай улс харин ч зоригтойгоор эхлүүлсэн. Цаг хугацааны хувьд дөрвөн   ямар ч нам мөрийнхөө хөтөлбөрийг  биелүүлэх боломжгүй. Баг бүрдэх ёстой. Би ч багаа бүрдүүлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт орох сураг дуулдсан.

Миний хувьд  Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжлээсэй гэж бодож байна.

Гэхдээ нарийн ярих юм бол  зовлон маш их байна. Нэг хашаанд доод тал нь гурав, бүр таван  айл ч амьдрах нь бий. Хашааны эзэнд газраа орон сууцаа солих боломж олдлоо гэхэд хамт  амьдардаг нөгөө дөрвөн айлын хувь заяа хөөрхий болох гээд байгаа юм. Тэгтэл нийслэлийн хэмжээнд газар олголт ерөнхийдөө дуусч буй. Ядаж байхад, Гэр хорооллын  дахин төлөвлөлтөд оролцох эрх авсан компаниуд иргэдийг хөлдөө чирж эхэлсэн. Энэ бол төр сонголтдоо алдсан гэсэн үг. “Би чадна” гэсэн  компаниуд  иргэдийн  газрыг нь авчихаад өөр аж ахуйн нэгж рүү  шилжүүлэх, дамжуулан худалдах зэргээр хууль бус үйлдлүүд гаргаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Төрийн ажилд  залгамж чанар гэж байх ёстой.  Тэр утгаараа  IX,IY хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх  дахин төлөвлөлтийг цааш нь үргэлжлүүлэх хүсэл  зориг надад байна. Дүүргийн хэмжээнд эхлүүлээд хагаслаад, хагаслаад хаясан хэд хэдэн газар бий.  Асуудал дан ганц дүүргээс бус улс, нийслэлээс  хөрөнгө, санхүүгийн байдлаас хамааралтай учраас ахиц муутай байна. Үүнд миний сэтгэл дундуур явдаг.Барилга, хот байгуулалтын яамны сайд асан  Г.Мөнхбаяртай яг энэ асуудлаар хоёр ч удаа уулзсан. Он гараад ажил төлөвлөсөн ёсоор үргэлжлэх болов уу гэж бодож байна.  Иргэдийнхээ дуу хоолой болж яваа, Засаг даргын хувьд үүнийг шийдэхийн төлөө чадахаас чадахгүйгээ хүртэл явах болно.

-Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Энэ өндөрлөгт хүрсэн замнал тань уншигчдад сонин байж мэднэ. Улс төрийн тогоонд чанагдаж байгаа олон хүний намтрыг уншиж байхад хэн нэгэн нөлөө бүхий хүний гаргаж өгсөн жимээр өгссөн байдаг. Монгол гэлтгүй дэлхий дахинд ч... Хэн таныг хөтөлсөн бэ, нууц биш бол?

-Би  нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Ангийнхаа, сургуулийнхаа  манлай сурагчдын нэг. Гуравдугаар ангийн бяцхан охин байхаасаа л орцныхоо хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гарын үзүүрт гүйдэг байлаа. Аав, ээж маань миний энэ занг маш их дэмжиж, урам хайрлан бусдад туслах нь сайн хүн болохын шинж хэмээдэг байсан нь хожмын өдөр нийгмийн сайн сайхны төлөө оюун бодлоо зориулахын эхлэл болсон болов уу гэж бодож байна. Их сургуулийн оюутан байхдаа ч шилдэг нь байлаа.  Харин жинхнээсээ улс төрд хөл тавьсан нь 2004 он. Миний хадам ах Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэхэд Сүхбаатарын талбайд дуу хоолойгоо өргөсөн  залуучуудын нэг.  Хааяа  хоолны ширээний ард өрнүүлэх ярианд татагдахгүй байж чадаагүй. Ингээд л нэг л мэдсэн улс төрийг сонирхож,нийгмийн сайн сайхны төлөө, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө  тэмцэх тэр зүгт алхаагаа нийлүүлсэн. Ах маань ч дэмжсэн. Тэр хүн намайг үзэл бодолдоо үнэнч, түүнийхээ төлөө зүгээр суухгүй нэгэн гэдгийг олж харсан байж мэднэ. Энэ хүний гаргасан жимээр СБД-ийн намын хороонд  хөл тавьсан нь   улс төрд эргэж буцалтгүйгээр орох шалтгаан болсон.

-Би “Ээж маань нөлөөлсөн”  хэмээх байх гэж бодож байлаа. Таны ээж тухайн үедээ Монголын  нэр нөлөө бүхий удирдагч бүсгүйчүүдийн нэг байсан юм билээ? 

-Миний ээж Содномын Баянзул  гэх их сайхан эмэгтэй байсан. Хорвоогийн жамаар   бурхны оронд заларсан. Орчлон ертөнцөд хүн бүрийн ижий хамгийн сайн, хамгийн сайхан хүн нь  байдгийн адил миний ижий наддаа, бидэндээ хамгийн сайхан нь, хамгийн ухаалаг нь байсан. Бид удам судартай хүний үр сад гэдгээрээ ямагт бахархаж явдаг. Ээжийн маань ах дүү, түүний үр сад шинэ цагийн Монгол Улсад удам судраа сайхнаар авч яваа  цөөн хүмүүсийн нэг. Ээжийн маань эгч эдүгээ 90 нас зооглож яваа сайхан буурал байна. Түүний хүү Үржингийн Хүрэлбаатар гэж урлагийн гавьяат зүтгэлтэн бий. Нагац ахыг маань түмэн андахгүй дээ. Дууны яруу найргийн хаадын нэг шүү дээ. Ээжийн маань ганц эрэгтэй дүү С.Сэрээтэр гэж Тээврийн яамны сайд байлаа. Түүний үр сад ч өнөөдөр өвөг дээдсийнхээ нэрийг өргөж яваад би хувьдаа баяртай байдаг. Манай  ижий  маш уран, амьдралын ухаантай,  дөлгөөнхөн, үг цөөтэй, үг хэлвэл тэр нь  жинтэйхэн буудаг хүн байсан.  Манайх таван  охинтой. Биднийг маш  цэвэрч нямбай хүн болгож  өсгөсөн.  Бид өдөр бүр гэрийнхээ шалыг хоёр удаа угаадаг байлаа. Таван охинтой айл гэхэд шалан дээр ширхэг үс байдаггүй. Ээж маань сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. УБИС, Төмөр замын хүүхдийн секторын фонтын даргаар олон жил ажилласан. Аав минь  цэргийн тагнуулын газрын  хүн. Аав, ээж хоёр хоёулаа удирдах албан тушаал хашиж явсан болохоор биднийг маш  дэгтэй өсгөсөн гэж хэлж болно. Ер нь гэрийн хүмүүжил бүх насны хүмүүжил байдаг гэж би хувьдаа боддог. Хүн амьдралынхаа туршид суурь хүмүүжлээрээ л явдаг юм билээ.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? 

-Эрээн даашинзны хормой дэрвүүлэн гүйж өссөн газар минь Таван шар. Би маш тод санадаг юм. Төмөр замын 25 дугаар эмийн сангаас автобус  хөдлөөд л эзгүй талаар давхисаар шууд Таван шар ордог байв. Үнэхээр тэнд таван ширхэг шар өнгөтэй орон сууц байсан байхгүй юу.Манай байрнаас хойш саарал таван давхрууд, геологийн хэдэн байр л байлаа. Геологийн байранд чех мэргэжилтнүүд аж төрнө. Буйдхан, цэвэрхэн хотхон байлаа, тэр үедээ. Хотхоны яг голд миний сурч төгссөн ЕБ-ын XII  сургууль. Манай сургуулийн төгсөгчид сайн явцгаадаг. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УЗН-ийн тэргүүн Н.Болормаа, сэтгүүлч Бадамханд  нар төгссөн юмдаг, миний мэдэхийн.  Би Бадамаа эгчтэйгээ ойр дотно байдаг. Өчигдөрхөн над руу утсаар залгасан байсан ч би ажилтай байгаад утсыг нь авч чадаагүй. Хөөрхий гомдчих вий дээ. Манай сургууль сургалтын чанараараа нэг, 33 дугаар сургуультай физик, математикаар өрсөлддөг, хойно урдаа орцгоодог байлаа.Урлаг, спортоороо ч ялгаагүй.Тэр үеийн дүр зураг одоо ч  нүдэнд харагдаж л байна.

-Эмэгтэй хүн удирдагч байхын давуу талыг та юу гэж хэлэх вэ. Зөөлөн сэтгэлтэй учраас  бууж өгөх гээд байдаг байж мэдэх ч ямар  үед амьдралаа үүрэн шуурга сөрдөг  сэтгэлийн тэнхээ нь илүү  учраас  амжилтад амархан хүрдэг юм болов уу?

-Аль аль нь бий. Жишээ нь, би долоо хоногийн мягмар гариг бүрт иргэдтэйгээ уулздаг. Өдөрт дээд тал нь 25, доод тал нь 10 хүн хүлээж авдаг. Уулзалтын бус өдөр Засаг даргатай л уулзах гэсэн юм гээд таягтай, хараагүй, өндөр настай хүмүүс үүдэнд маань сууж байдаг. Боломжгүй гээд явуулах сэтгэл надад байдаггүй. Энэ нь эмэгтэй  хүн Засаг даргаар ажиллаж байгаагийн сайн тал байж мэднэ. Ер нь надтай уулзсан хоёр мянга гаруй хүний 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд амьдралаа авч явж байна. Тиймээс тэд л биднийг зорьж ирдэг. Тэд нийгмийн хөгжлийн төлөө санаа тавьж, ийм ажил хиймээр байна гэдэг. Бас нэг хэсэг нь хийх хүсэлтэй байгаа ч мөнгө байхгүйн зовлон байгаагаа хэлдэг. Би өөрөө эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй учраас  тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн яаж шийдэх гарц нь тодорхой харагддаг нь эмэгтэй  хүн Засаг даргаар ажиллаж байгаагийн давуу тал байж болох юм. Амьдрал ийм гээд зовлон яриад зогсч байгаа хүнийг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн рүүгээ,дүүргийн нийгмийн халамж руу,нийслэл рүү ханд гээд гаргаж чаддаггүй юм. Арга барагдахдаа түрүүвч рүүгээ л явна шүү дээ.  Дүүргээс өөр харж хандах хүнгүй иргэд бидэнд л хандахаас өөр хэндээ очих билээ. Энэ бүхэнд л ижийн сэтгэлээр хандахыг хичээдэг. Заримдаа энэ  маань алдаа болдог л юм. Гэхдээ асуудал хоёр талтай. Асуудлыг нь хуулийн дагуу шийдээд өгөхөд надаас юу унах билээ. Шийдвэл зохих, гарц, боломж нь байгаа бол шат шатандаа шийдээд өгчих хэрэгтэй. “Баярлалаа”, “Сайн охин байна”, “Ажлаа эхлүүлчихээд ирж уулзана аа, дарга аа” гээд гарч байгаа хүний сэтгэлийн үгийг сонсч үлдэх шиг жаргал хаана байх билээ. Хэцүү зүйл нь гэвэл уулзах гэж ирсэн хүмүүсийн 80 хувь нь юм гуйж орж ирдэг. Амьдрал үнэхээр хүнд байна. Үүнийг  дээр суугаа  дарга нар, сайдууд, УИХ-ын гишүүд  маань  хараасай. Сүхбаатар дүүрэг Монгол Улсын  төв цэгт оршдог, төвийн дүүрэг гэж байгаа боловч амьдрал ийм байхад Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, хөдөө, орон нутгуудад амьдрал  ямар байгаа нь ойлгомжтой гэж  бодохоор миний зүрх өвддөг. Үнэхээр өвддөг. Засаг даргын зөөлөн суудалд тухалчихаад иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж чадахгүй юм бол албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй. Эрх мэдлийнхээ хүрээнд зарим асуудлыг зоригтойгоор шийдэж гэмээнэ тэдний өмнө нүүр бардам зогсч чадна. Даанч сэтгэл байвч мухардалд орох үе бишгүй гарах л юм. Гэхдээ  надад зүтгэсэндээ хүрэх зориг бий. Хийх юмаа хийнэ ээ.

-Ээж гэрийн бараа харахгүй, ажил гээд гүйхээр ар гэр зутардаг.  Танд гэртээ тавтай суугаад өглөөний цай уух ч зав гарахгүй л байгаа болов уу?.

-Та миний эмзэглэж яваа зүйлийг  асуулаа. Үнэхээр гэрийнхээ барааг хоногтоо л хардаг болоод байгаа, сүүлийн жил хагаст.  Өмнө нь би  өөрийгөө маш сайн эзэгтэй, сайн эмэгтэй, сайн охин, сайн дүү, сайн эгч, сайн гэргий гэж боддог байлаа. Хоер  талынхаа ах дүү нарынхаа арыг даадаг эмэгтэй байлаа шүү дээ.  Хэн өвдөнө, би л гүйж  очно. Хөөцөлдөх ажил гарвал би л харайлгаж явах жишээний. Сургууль соёл, эмнэлэг, дэлгүүр хоршоо гээд очихгүй газаргүй.  Засаг даргаар томилогдсоныхоо дараа энэ бүхэн орхигдсон. Нэг өдөр охин маань “Ээж ээ, таныг  эцэг, эхийн хурал дээр харагддаггүй” гэж ангийн багш хэлсэн гээд уйлсан. Өмнө нь бас нэг удаа уйлсан юм аа. Манай ангийн хүүхэд намайг “чи ээжгүй” гэсэн  гээд. Тэр  үед охин маань жаахан, дөнгөж хоёрдугаар анги байсан юм. Охины маань үг надад маш хүнд туссан. Аав нь л охиноо өглөө хүргээд орой нь авдаг байхгүй юу. Дандаа л аав нь явж байдаг болохоор ангийнх нь хүүхдүүд ээжгүй юм байна гэж бодсон хэрэг. Тэгээд би сандрахдаа сургууль дээр очиж, ангийнх нь багштай, өнөө ээжгүй хэмээн шоолсон охинтой уулзсан. Одоо манай охин есдүгээр ангид сурч байгаа. Охин минь шилжилтийн насандаа яваа. Ийм үед би дэргэд нь байх ёстой. Тэгээд өөртөө зорилго тавьсан. Хүүхдийнхээ хуралд нь ядаж очиж байя гэж. Сая бүр хичээж, хичээж  хуралд нь очиж суусан. Би ингэж ар гэр, үр хүүхдээ хоёрдугаарт тавьж байгаагийн цаана миний хань бий учраас сэтгэл амар амгалан ажлаа хийж яваа хэрэг. Хань минь намайг дэмждэггүй, ойлгодоггүй бол өдий зэрэгтэй явж чадахгүй байсан биз ээ. Улс төрд ороход маань хамгийн их дэмжсэн хүн бол хань минь.Үнэхээр алсыг харсан бодолтой, мундаг эр хүн миний ар талыг дааж авч явдаг. Мэдээж хадам ахыгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр хүн ямагт намайг дэмжиж, заавар зөвлөгөө өгч ирсэн.  Бас хамт олон минь бий. Би амралтынхаа өдрийг гэрийнхэндээ зориулахыг хичээдэг. Орой бүр хоол хийх завгүй болохоор махыг нь хэрчиж, гурилыг зуурч элдээд хөлдөөчихдөг. Нөхөр маань хуушуурт дуртай. Хагас бүтэн сайн өдрөөр хуушуур хайрч, банштай цай  чанаж өгөөд гэр бүлээрээ ширээ тойрч суугаад шаагилдах сайхан шүү. Манайх хоёр хүүхэдтэй. Хүү маань том болж, өрх тусгаарласан. Бэр маань сайхан зээ охин төрүүлж өглөө. Энэ л аз жаргал юм байна. Зээгээ  эрхлүүлэхийн төлөө хагас сайн өдөр өглөө эрт босч ажлаа амжуулж, байгаагаа боож аваад л гарна шүү дээ, бид гурав. Өвөөгийн зээгээ эрхлүүлнэ гэдэг янзтай. Манай найзууд манайд ирэх дуртай. Ямар сайндаа Дашкагийнд  орж ирэхээр цаанаасаа нойр нь хүрээд байдаг гэнэ. Сайхан энергитэй  айл шүү гээд бид хоёрыгоо хөөргөчихнө өө, бас.   

-Би бол таныг их дэгжин эмэгтэй гэж хардаг. Та өнөөдөр маш үзэсгэлэнтэй харагдаж байна.   

- Баярлалаа. Гоо сайхан бол  миний дуртай сэдэв. Би ер нь багаасаа  гангалах дуртай охин байсан. Ээж аав хоёр маань орос дэлгүүрт орох эрхийн үнэмлэхтэй учраас  маш гоё даашинз авч өгнө. Манайх  таван охинтой гэж би дээр өгүүлсэн. Шинэ жилээр заавал шинэ даашинз  өмсүүлнэ. Ах, эгч нар маань оюутан болж,  миний гангалах дуртайг мэддэг болохоор гадаадаас их гоё хувцас явуулна. Найз нар маань ганган Болороо гэдэгсэн. Австри гутал гэж уйлсаар байгаад л авахуулна. Миний ээж ганган хүн байсан. Нүүрээ будаад байхгүй ч  үсээ маш гоё янзалдагсан. Баяр бүхнээр  шинэ дээл оёж өмснө. Ээжийн  энэ байдал надад нөлөөлсөн болов уу. Оюутан болсон хойноо эгчийн Чехээс явуулсан барууны загварын сэтгүүлийг үзэж, дууриаж хувцаслахыг хичээнэ. Одоо ч би  гангалах дуртай. Эмэгтэй хүн сайхан цүнх, гуталтай байх хэрэгтэй гэсэн зарчимтай. Эмэгтэй хүний зан юм хойно яалтай билээ.  

-Та нууц биш бол сонирхол буурсан цүнх, хувцсаа яадаг вэ. Зарим хүн буянаа хүнд өгөхгүй гэдэг юм билээ?

-Манай эмээ буян хурна гээд  авдрынхаа буланд дээлээ хадгалдаг буурал байлаа.   Хөөрхий, тэр хүний л бодол тийм байж. Ижийд маань хураасан хөрөнгө гэвэл хэдэн хүүхэд нь л байсан. Байгаа бүхнээ олонтой хуваана. Эгч,дүү нар нь олон хүүхэдтэй учраас багадсан, томдсон нь байнга л дамжина. Миний гутал барагтай л  элэгддэггүй  Би хувцсыг маш нямбай өмсдөг. Гэхдээ хоёр эгчийгээ гүйцэхгүй. Тэд маань үлээгээд л арчаад л зүлгээд л байна шүү дээ.  Сонирхол буурсан хувцсаа эгч нар руугаа гулгуулчихна. Тэгснээ шинийг авахаар дэлгүүр хэсч гарна.  Бүсгүй хүн бүхэнд байдаг зан даа.

-Та нэгэн цагт айлын бэр болж, тэдний халуун ам бүлд багтсан. Одоо танайх гурван охинтой болж. Бэрээ энгэртээ нааж чадаж байна уу?

 -Хүү маань дөнгөж саяхан гэр бүлтэй  болсон. Нөхөр бид хоёр монгол ёс жаягаар хуримыг нь хийлээ. Орчин үед бүх зүйл өөр болсон. Миний айлын хүн болж байсан үеэс тэс ондоо. Хүүгийнхээ сонголтыг бид хүндэлж байгаа. Сайхан охин манай гэрийн босгыг давсан. Нөхөр бид хоёр алсын зайнаас дэмжиж, өөрсдөөр нь бүх шийдвэрийг гаргуулж байгаа.Би бас хүний бэр болж байсан. Бэр маань саяхан төрсөн. Би эхийн ёсоор асарч чадахгүй байна. Тиймээс өнгөрсөн  амралтын өдрөөр 100 бууз хийгээд, жигнэсэн гурил бэлдээд очсон.  Аминдаа халамжилж  байгаа царай нь тэр. Үнэндээ цаг зав гарахгүй  юм. Сайхан бэртэй болсон би  азтай ээж.  Хүний  амны хишиг  гэж байдаг юм байна лээ.

-Эмээ болох мэдрэмж ямар байсан бэ.

-Сонин л юм байна лээ. /инээв/ Хүний үргэлжлэл гэж үнэхээр сонин юм аа. Миний зээ тэр чигээрээ манай нөхөр. Зээгээ төрөхөд баярласандаа уйлсан. Үр удам, үргэлжлэлээ гэж. Манай аавын тал айхтар эрдэм номтой биш ч гэсэн өөрийн амьдралдаа зөв, их ажилч, хичээнгүй, хөдөлмөрч улс байдаг. Би аавынхаа шулуухан хэлчихдэг занг дуурайсан юм шиг байгаа юм. Юм бүгд учиртай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Ээж, аав  маань  сайхан сэтгэлтэй,  зөв  амьдарч байсан учраас  бид өнөөдөр зөв явж байгаа болов уу.  Би өөрөө ч  зөв амьдарч, зөв сэтгэлтэй явахыг хүсдэг. Үүнийхээ төлөө хичээж  байна.

-Хүний амьдралд зөв харж инээгээд буруу харж уйлах өдөр нэг бус удаа тохиолддог юм байна лээ. Танд ер нь тийм үе тохиолдож байв уу?

-Байлгүй яах вэ. Одоо ч  надад тохиолддог юм. Яг цаг хугацааны хувьд  өнөөдөр дуугүй байх хэрэг гарч байгаа байхгүй юу.

-Та ер нь нөхрийнхөө юунд татагдсан юм бэ.

-Бид хоёр оюутан байхдаа танилцсан. Тэр бусдаас өөр хүн. Тиймээс ханиараа сонгосон. Би алдаагүй.

-Танаас өөр хүн ойлгож чадахгүй хүн үү эсвэл хэн хүн ойлгож чадах тийм эр үү?

-Амьдрал баян болохоор  бидэнд сайдаж муудаж явсан үе бий. Тэр үед залуу, бие биедээ тунидаг байж. Одоо бие биедээ эцэг, эх болцгоож байна. Хүний амьдрал ерөөсөө ийм юм байна. Хэдэн жилийн өмнө хань маань нэг өглөө  “Би чамгүйгээр яах хүн бэ” гээд сууж байж билээ. Тэр үед би юм бодоогүй. Эмэгтэй хүний бардам зан байж ч мэднэ. Мань хүнийг маш их хүмүүс хүрээлдэг. Нөхөр маань хүн чанар сайтай. хүнлэг хүн л дээ. Хоёр хүүхэддээ хамгийн сайн аав нь. Амьдрал  сайхан шүү.

-Танд баярлалаа. Шинэ он танд болон танай гэр бүлд аз жаргал бэлэглэг.  СБД-ийн  хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Ч.Чулуунцэцэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%