Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын алба, дүүргийн Газрын албатай хамтран 19 хороодод Газрын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилт үр нөлөөг тодорхойлох, иргэд, аж ахуй нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон асуудлаар санал авч, иргэдийн оролцоог хангах зорилгоор иргэдийн дунд олон нийтийн хэлэлцүүлгийг нэгддүгээр сарын 8-аас 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, хороодын Засаг даргын ажлын алба, дүүргийн Газрын албаны дарга, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцож Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, газар зохион байгуулагч М.Нэргүй нар 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн гүйцэтгэлийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, газар эзэмших, өмчлөх асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
Цаашид Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч мэргэжилтэн О.Сайнбаяр, Г.Өлзийбаяр, Г.Шүхэрт, М.Нэргүй нар хариуцсан хороодод хуваарийн дагуу ажиллах санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахаар боллоо.Гурван өдөр үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн 19 хорооны 738 иргэн оролцож, нийтдээ 211 санал, хүсэлт ирүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс цахим системын сугалаагаар газар эзэмшүүлдэг системийг боловсронгуй болгох, 0.7 га газрааа өмчлөх, эзэмших эрхийн гарчилгээний хугацааг сунгуулах, эзэмших эрхийн гэрчилгээтэй газраа хэрхэн өмчлөх, газрын маргаантай асуудлаар гарсан шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх, газрын төлбөрөө хэрхэн төлөх, нэр шилжүүлэх тохиолдолд хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахад газрын үнийн дүнг зах зээлийн үнэтэй жишиж бодох, гадаадын иргэд газрыг худалдаалахыг зогсоох зэрэг асуудлаар саналаа илэрхийлж, холбогдох мэдээллийг дүүргийн Газрын албаны дарга, мэргэжилтэнгүүдээс авлаа.
ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС