Хүүхдийн хөгжил хамгаалалд хамтдаа 2018
Өвөрхангай аймаг жил бүр нийгмийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг олон талын судалгаа, санал хүсэлтийн дагуу сонгон авч зорилтод жил болгон зарлаж түүндээ аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн оролцоо, зохион байгуулалтыг түлхүү анхаарч ирсэн уламжлалтай. 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж олон ажлыг зохион байгуулж, бүтээн байгуулалтууд ч өрнөж үр өгөөж өндөр байна.
Харин 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарласан шалтгаануудын нэг томоохон үзүүлэлт нь гэмт хэрэг зөрчил юм. 2017 онд аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд оролцсон гэмт хэрэг 20, гэмт хэргийн улмаас хохирсон 42, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон 18, амиа хорлолт 4, насанд хүрээгүй 87 охин төрж, 12 охин үр хөндөлт хийлгэсэн, насанд хүрээгүй 6 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Хүчирхийллийн эзэн холбогдогч нь ихэвчлэн ойр тойрны хүмүүс байгаа зэрэг ноцтой зөрчил гарсан. Эдгээр тоог өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй боловч хохирсон хүүхэд 88,8 хувиар өссөн байна. Сүүлийн үед төрсөн үр хүүхдээ зодох, дарамтлах, хүчирхийлэх, амь насанд нь хүрэх гэх мэт ноцтой хэргүүд гарч араатнаас дор үйлдэлтэй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь жирийн иргэдээс эхлээд, төр засгийн санааг чилээж цаазын хуулийг сэргээх хүртэл хэмжээнд яригдаж байна. Мөн хүүхэд багачуудын дунд тулгарч байгаа үе тэнгийнхний дээрэлхэлт, дэлгэцийн донтолт, эрт жирэмслэлт зэрэг асуудлууд энэ цаг үеийн түгшүүр болоод байгаа юм. Иймээс аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж, хүүхэд багачуудынхаа эрх ашгийг бүхий л талаас нь хамгаалан, дэмжихээр олон ажлыг төлөвлөжээ. Зорилтод жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2018.01.18/ зохион байгууллаа.