Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим болон Орон нутгийн өмчийн газар хамтран “Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөө, цаашид анхаарах асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.01.31/ зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2017 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд мэдээлэх, 2018 онд анхаарах асуудлыг тодорхойлж, цаашдын үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт Орон нутгийн өмчийн газрын дарга П.Батсүх, Иргэний танхимын дарга Д.Гантулга, Дархан сумын багуудын ИНХ болон Засаг дарга, иргэд оролцов.
Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга П.Батсүх “Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилт”, “2018 оны төлөвлөгөө, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр хийж байгаа нь олон нийтэд ил тод байдлыг хангаж сайшааж, нөгөө талаар тендерийн сонгон шалгаруулалтад хамгийн доод үнийг санал болгосон ААНБ-уудыг сонгох нь хямд материалаар чанаргүй ажил хийгдэх сул талтайг анхааруулж байлаа. Мөн Дархан хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн ААНБ-уудын оролцоог дэмжиж, хамтран ажиллах нь зүйтэй зэрэг саналуудыг гаргалаа.