1. Газар өмчлөлийн өнгөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай: “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх тухай” хуулиуд хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 21488 нэгж талбарт 2045,12 га газрыг өмчлүүлжээ. Харин 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд газар өмчилсөн иргэдийг аймгийн нийт хүн амтай харьцуулахад 18,6% байна. Мөн иргэнд өмчлүүлэх газрын нөөц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг мэдээллийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсголоо.
Тус асуудалд ИТХ-ын дарга А.Ишдорж “А” бүсэд Газар эзэмшчихээд тодорхой зүйл хийхгүй байгаа тухай шүүмжлэл иргэдийн дунд их байна. Тооллого явуулж энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах, мөн 2016 оны жилийн эцсийн ИТХ-ын III хуралдаанаас газар эзэмшээд зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцлуулахаар аймгийн Засаг даргад өгсөн чиглэлийн биелэлтийг хагас жилийн ИТХ-ын ээлжит хуралдаанд сонсогол оруулахыг аймгийн Засаг даргад тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хариуцлага хэрхэн тооцох тухай санал боловсруулж хуралдаанд оруулахыг холбогдох албаныханд даалгалаа.
2. “Малчдаа дэмжье” 45 хоногийн аяныг зохион байгуулна: Өвөрхангай аймгийн ихэнх сумд зудын байдалтай өвлийг хүндхэн давж хаврын улиралтай золгож байгаа ч малын хорогдол ихсэх, мал төллөлт эхэлж байгаа үед өвс тэжээлийн хүрэлцээ муу хэвээр байна. Иймд ИТХ-ын дарга А.Ишдорж цаг үеийн байдалтай холбогдуулан “Малчдаа дэмжих аян” зарлах тухай асуудлыг өнөөдрийн /2018.03.09/ хуралдаанд нэмж орууллаа. Тус ажлыг 2018 оны гуравдугаар сарын 10-аас эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулахаар тогтож, аяны хүрээнд 19 сумын Засаг дарга нарт албан даалгавар явуулж хамтарч ажиллана гэлээ. Энэ хүрээнд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан отроос буцаж буй малчдын малыг үзлэг, шинжилгээнд хамруулах, малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажиллахыг чухалчлах хэрэгтэйг онцлоод иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хангалттай өгч байх хэрэгтэйг дуулгалаа. Түүнчлэн орон нутгийн зам дагуух малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг эхний ээлжинд ажил хэрэг болгохоор тогтов.
3. Аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийх ажлын хэсэг байгуулах тухай: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын уул уурхайн ашиглалтын улмаас болон хууль бус үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газрын тооллого судалгаа хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулан байгуулж, холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжын дагуу зохион байгуулж 2018 оны 3-р сарын 23-ны дотор ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг үүрэг болголоо.
4. Өмч хөрөнгө шийдвэрлүүлэх тухай: Бургас Трейд ХХК-ийн ирүүлсэн саналын дагуу Арвайхээр сумын 5-р баг, Гэндэнгийн гудамжинд байрлах хуучин 100 хүний багтаамжтай зоогийн газрын үйл ажиллагаа явуулж байсан 972 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг, газрын хамт худалдан авч төрийн үйлчилгээний нэгдсэн төв, хүүхдийн номын сангийн зориулалтаар ашиглахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар зөвшөөрлөө. Уг барилгыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, зураг төсвийг хийлгэж аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанд оруулж батлуулан ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
5. Гэр бүл-хүний хөгжлийн төвийн тайланг сонсох тухай: 2017 онд тус байгууллага 198,0 төгрөгийн төсөвтэй 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж 24 удаагийн сургалтаар 680 хүн, олон нийтийг хамарсан масс арга хэмжээг 10 удаа, 500 гаруй хүнд хурим, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд 3000 гаруй зочид, захиалгат хоол үйлдвэрлэл үйлчилгээнд 2800 гаруй хүнийг хамруулсан тухай тайлан мэдээллээ ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Түүнчлэн урьд оны үлдэгдэл өрийн асуудал ч бий аж. Иймд ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ Төрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас аймгийн бусад төрийн байгууллагуудтай үйлчилгээний буюу зоогийн үйл ажиллагааны гэрээ байгуулж, ажиллах шаардлагатай. Ингэснээр төрийн байгууллага бие биедээ дэм болох учиртай. Тухайлбал үдийн цайны тендерт оролцох хэрэгтэй. Мөн байгууллагынхаа өр авлагыг барагдуулах, дүрмийг өөрчлөх, тоног төхөөрөмжийн шинэчлэл болон барилгын урсгал засвар хийх, боловсон хүчнийхээ үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах зардлын тооцоог шинээр хийж танилцуулах зэрэг тодорхой арга хэмжээнүүд авч ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХХТөвийн дарга /Ш.Оюунчимэг/-т үүрэг болгов.
6. Ээлжит хуралдаан товлох тухай: Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдааныг 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.