Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төслийн багтай хамтарч, хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийнэ

2018-04-04

Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монголын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2”- төслийн баг Арвайхээр хотод ажиллаж байна. Төслийн олон улсын зөвлөх Милан Столба, үндэсний зөвлөх Д.Бүжинлхам тэргүүтэй хүмүүс Өвөрхангай аймаг дахь МСҮТ-тэй хамтран “Хөдөлмөрийн зах зээл, Орон нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг гурван өдөр зохион байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг боловсруулах арга зүйг мэргэжилтнүүдэд олгох юм. Мөн аймаг дахь хөдөлмөрийн судалгааг хамтран хийх аж. Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал нар оролцлоо. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Монгол Улсад 1990 оноос өмнө Техник мэргэжлийн сургууль /ТМС/-д мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байрны үндэслэлтэйгээр бэлтгэж, хөдөө аж ахуй, газар тариалан, бусад гол салбаруудад үр бүтээлтэй ажиллуулж байсан. 1990 оноос хойш боловсролын тогтолцоо өөрчлөгдөж, дээд мэргэжилтэй ажилгүйчүүдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бодит байдалтай нийцэхгүй, судалгаагүйгээр элсэлт авч, дээд боловсрол олгодог энэ асуудлыг зайлшгүй анхаарч үзэх нь зүйтэй. Бидэнд өнөөдөр аль салбарт ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй байна вэ? гэдгийг оновчтой судлан тогтоож, боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгамдаж байна” гээд хөдөлмөрийн салбарт анхаарал тавин ажиллаж байгаа төслийн багт талархал илэрхийллээ.
Мөн аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэлэхдээ “Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг 2024 он хүртэл боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа маш чухал" хэмээгээд ажилгүйдлийг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажил үүрэгтэй хүмүүсийг чадавхжуулан сургаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
“Монголын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2” төсөл нь хөдөө, орон нутагт хүнсний ногоо, мал аж ахуй, сүлжмэлийн салбарт хэрэгжиж буй “шилдэг туршлага”-уудыг олж илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа ба энэ удаагийн сургалт нь түгээн дэлгэрүүлэхээр сонгогдсон таван туршлагын нэг аж. Төслийн багийнхан өмнөх жилүүдэд МСҮТ-тэй хамтран салбар зөвлөл, сурагчдын хоршоо зэргийг чадавхижуулахад хамтран ажиллаж байжээ.
Б.Батчимэг