Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очиртой хийсэн ярилцлага

2014-07-30

“ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй сургалтуудад хамрагдсанаар төлөөлөгчид маань хэр чадавхжиж байна?

Төслийн хүрээнд Дундговь аймагт аймаг, сумдын ИТХ-ын бүх төлөөлөгчдөд сургалт явагдсан. Ерөнхийдөө чухал ач холбогдолтой сургалт болсон. Одоо үр дүн нь харагдаж байгаа. Манай аймгийн хувьд 60 гаруй хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид. Тэр дундаа төлөөлөгчдийн маань дийлэнх нь бизнес эрхлэгчид, малчид голдуу байгаа. Тэд нар маань тодорхой хууль эрх зүйн мэдлэг дутмаг, төлөөлөгчийн хувьд би ямар үүрэгтэй хуралдаа оролцох юм, энэ талын мэдлэг дутмаг байсан бол энэ сургалтаар нэлээд сайн мэдлэгтэй болсон. Тэр чинээгээрээ сумын хуралдааны идэвхи эрс сайжирч, төлөөлөгчид гараа өргөх байдлаар хуралд оролцдог байсан бол энэ сургалтанд хамрагдсанаараа өөрсдөө тодорхой асуудлуудыг санаачилж оруулдаг болж байна. Нөгөө талаас, төлөөлөгч ард иргэдийг төлөөлж байгаагаа ухамсарлан иргэдтэйгээ харьцах харилцаа холбоо сайжирч байгаа.

Дундговь аймагт маань нийт ИТХ-ын төлөөлөгчдийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна вэ?

Манай аймагт ИТХ-ын 330 төлөөлөгч бий. Түүний 107 нь эмэгтэй энэ нь төлөөлөгчдийн гуравны нэг орчим хувийг эзэлж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс эмэгтэй төлөөлөгчдийн дунд зохион байгуулж буй “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 2014.06.26-27 ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулсан.

Төлөөлөгчид хуралдаандаа идэвх санаачлагатай ажиллаж байна гэж байна. Яг төлөөлөгчийнхөө хувиар ийм ийм ажлуудыг хийе гээд аймгийн ИТХ-ын ажлын алба, сумдын ИТХ –д төлөөлөгчдийн зүгээс аль хэр санал хүсэлтүүд гарч байна вэ?

Аймгийн хуралд төлөөлөгчдөөс санал нэлээн гарч байгаа. Ялангуяа, саяын сургалтанд хамрагдаж чадсан төлөөлөгчид илүү түлхүү санал гаргаж байгаа. Аймгийн хурлын төлөөлөгчдийн хувьд бол аймаг орны шинж чанартай, бодлогын шинж чанартай ийм зүйлүүдэд нэлээн идэвхтэй оролцож байгаа. Тэргүүлэгчдийн хувьд бол хороодоороо дамжуулах, хороод дээр нэлээн сайн ажиллах, хурлын сайн байх үндэс нь хороодыг сайн ажиллуулах хэрэгтэй. Тийм учраас хороодод түлхүү анхаарахаар манай тэргүүлэгчид өөрсдөө санал санаачилга гарган ажиллаж байгаа. Сумдын хувьд мөн ялгаагүй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ ? Хурлын байгууллагын талаархи иргэдийн мэдлэг, мэдээлэл ямар байна ?

Манай хурал вэб сайттай. Дундговь аймаг гэдэг сонин байдаг. Мөн иргэдэд үйлчлэх чиглэлээр ЗДТГ-т иргэдийн мэдээлэл хүлээн авдаг олон нийтийн ажилтан, алба ажиллаж байгаа. НҮБ-ын төслийн нэгдсэн цахим хуудас нээгдэхээр бүр дэлгэрэнгүй болно гэж үзэж байгаа.

Иргэдийн зүгээс хурлын байгууллагад хандах хандлага ямар байна вэ ?

Иргэдийн хувьд байнгын утас нээлттэй байгаа. Дээр нь ТВ-ээр мэдээлэл авдаг. Мөн дээр нь АСЦогцолбор гэж байдаг. АСЦогцолбороор бүх сумдтай сар болгоны 2 дахь, 4 дэхь 7 хоногийн 5 дахь өдөр холбогддог. Үүнд малчид түлхүү оролцдог, тодорхой зүйлүүдийг асуугаад, хариултаа авдаг. АСЦогцолбор гэдэг нь FM шиг тусдаа радиотой, цаг агаарын мэдээ, аймагт болж байгаа тодорхой мэдээллүүдийг дамжуулдаг. Иргэд малчид маань сонсоод шууд холбогдох давуу талтай. Иргэдийн уулзах боломж нээлттэй. Мөн ИТХ-ын дэргэд Иргэний санаачлагын танхим ажиллуулдаг. Иргэний танхимын төсөл сая хэрэгжүүлээд 3 сарын хугацаатай байнгын хүнтэй болгосон.

Иргэд ямар асуудлыг илүү хөндөж тавьж байна вэ?

Аймгийн төвийн хувьд хотын тохижилт, мөн бүтээн байгуулалт тал уруугаа хандсан асуудлуудыг илүү тавьдаг. Ер нь иргэд маань сайхан амьдрахыг, аймаг орон нутгаа сайхан хөгжөөсэй гэсэн сэтгэлээр ханддаг болоод байгаа. Уг нь жижиг ажлууд ярьдаг байсан бол одоо томоор сэтгэдэг, ярьдаг болсон. Энэ нь олон талын мэдээллийн сүлжээ хөгжсөнтэй холбоотой байх. Сайнцагаан сум маань төвийн сум, Сайнцагаан сумын 70 жилийн ойтой холбогдуулан цэцэрлэгт хүрээлэн барьсан. Мөн ногооруулах тал дээр анхааръя гээд нэлээд модыг тарьсан л даа. Түүний арчилгаан дээр анхаарч иргэдийн санаачилга дээр хийж байгаа зүйл байна. Тэгэхлээр иргэд зөвхөн өдөр тутмын ойр зуурын асуудал биш бодитой, хөрөнгийг зөв зарж иргэд ашиг хүртэх талаас ханддаг болсон байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%