Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлсний ач холбогдол

2014-08-25

Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх мэдэл, хариуцлагыг шилжүүлэх хэд хэдэн шалтгаан байна. Үүнд: 
•    Нутгийн захиргааны үр ашиг, хариуцлага нь ихэснэ. 
•    Эрх мэдлийг шилжүүлснээр орон утгийн хөгжилд нааштай үр нөлөө бий болно. 
•    Ардчилал, хүний эрхийн хамгаалал бэхжинэ. 

Орон нутгийн удирдлага нь төв Засгийн газрыг бодвол иргэдэд ойр, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож хурдан шийдвэрлэх боломж өндөр байдаг. Түүнчлэн орон нутгийн удирдлага нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ нийлүүлж байгаа тохиолдолд, эсвэл тухайн үйлчилгээг хэрхэн хүргэх талаарх шийдвэр гаргах үйл хэрэгт өөрсдийг нь оролцуулж байгаа бол иргэд татвараа төлөх хүсэл эрмэлзэлтэй болж, өөрийн төлсөн татварын хувь заяаны талаар санаа тавих болно. Өөрөөр хэлбэл иргэдэд ойр засаглал байна гэдэг нь ил тод, хариуцлага өндөр байх боломжийг нэмэгдүүлдэг. 

Аливаа үйлчилгээг хүргэхэд иргэдийн оролцоо өндөр байх, мэдээлэл хангалттай байх, хариуцлага өндөр байх зэрэг нь тухайн үйлчилгээнд зарцуулах хязгаарлагдмал нөөцөөр өндөр, боломжит үр ашиг, үр дүнд хүргэх байдлыг сайжруулдаг. Иймд үйлчилгээ хүртэгчидтэй хамгийн ойроос төлөөлөх чадвар бүхий засаглалын түвшинд хариуцуулан өгөх нь зүйтэй юм. 
Хөгжлийг заавал төвлөрлийг сааруулах замаар хангах ёстой биш гэдэг нь мэдээж хэдий ч үр ашигтай үйл ажиллагаа бүхий нутгийн удирдлага нь орон нутгийн хөгжилд маш тустай байдаг. Орон нутгийн иргэдэд тустай хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, төсөл зэрэг нь үнэхээр тэдэнд үр ашгаа өгвөл хүмүүс идэвхтэй оролцоход бэлэн байдаг. Хүмүүсийг орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх, хянах үйл ажиллагаанд оролцуулснаар тэд өөрийн цаг зав, нөөцөө түүнд зарцуулах итгэл үнэмшилтэй болно. 

Ардчиллын тухай ойлголт 4 жилд нэг удаа явагддаг үндэсний сонгуульд оролцох төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Улсын эрх барих дээд байгууллагыг сонгох нь ардчиллын нэг зарчим боловч хүний өдөр тутмын амьдралд тусах шийдвэрт нөлөөлөх чадвар ч мөн ардчиллын нэг хэсэг болдог. Дээрх шийдвэрүүд нь аль болох орон нутагт ойр гарч байх нь ардчиллыг бэхжүүлэхэд тустай гэж үздэг. 

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь орон нутгийн иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, орон нутагт ардчиллыг бэхжүүлэх үндэс суурь нь болдог. 

Эх үүсвэр: “Монгол Улсад нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” сургалтын гарын авлага, 2003, хуудас 21-23

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%