Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДЭЭ СОНСОЖ, ИХИЙГ БҮТЭЭНЭ

2014-08-27

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийг 2014 оны эхний хагас жилд 15 удаа зохион байгуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 1232 гаруй иргэн, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо. Нээлттэй хэлэлцүүлгүүдээс гаргасан иргэдийн саналууд аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгалаа олж байна.
ТЕНДЕРИЙН НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАНА.
  Оны эхэнд “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр 2013 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилт, 2014 онд анхаарах асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгээс гаргасан иргэдийн саналд үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс бие даасан вэбсайт болж, үнэлгээний хорооны гишүүдийн урамшууллын асуудлыг аймгийн ИТХурлаар шийдвэрлүүллээ.6 дугаар сараас хойш тендер зарлахгүй байх, захиалагч ашиглагч байгууллагын хяналтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

ИРГЭДИЙН САНАЛААР ТОВ ОВРЫН АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЛЭВ.
 “Дархан хотод том оврын автобусны үйлчилгээ нээх асуудалд иргэдийн саналыг авч, нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогсдын 81,9 хувь нь хотын дотор том оврын автобус үйлчилгээнд явуулах нь зүйтэй, 13 иргэн буюу 18,7 хувь нь одоохондоо том оврын автобус үйлчилгээнд явуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу Хотын дотор зорчигч тээвэрлэлтийн стандартын шаардлага хангасан 12 ш том оврын автобусаар  Шинэ Дархан -Хуучин Дархан, Хуучин Дархан- Тосгоны чиглэлүүдэд шугам нээж, иргэдэд үйлчилж байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ИРГЭДИЙН САНАЛ БИЕЛЭЛЭЭ ОЛЛОО
 Иргэний Танхимд болон нээлттэй хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн зүгээс хамгийн их хөнддөг сэдэв нь хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал юм. Тэгвэл аймгийн удирдлагууд иргэдийн саналыг бодит ажил болгож, хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан 4 шинэ цэцэрлэгийг барьж эхлээд байна.
Улсын төсвийн 4 тэрбум 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 450 хүүхдийн хүчин чадал бүхий 4 цэцэрлэгийг Дархан сумын 1, 7, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт болон Шарын гол суманд шинээр байгуулахаар шийдвэрлүүллээ. Орон нутгийн засаг захиргааны зүгээс эдгээр 4 цэцэрлэгт 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар захирамжаар дугаар олголоо.  

ОЛОН УЛСЫН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
   Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус болон Олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал: Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран “Иргэдийн дуу хоолой үр нөлөө” хэлэлцүүлгийг Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулж, тус багт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг “Түвшин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний болоод байрны стандартыг авч хэлэлцлээ. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг Эрүүл Мэндийн Яам, Засгийн газарт уламжилж, өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний стандартыг хангуулах талаар ямар нэгэн сайн шийдэл гарна гэж хүлээж байна.
 Гэр бүлийн боловсролыг дэмжих “Миний үүрэг” төрийн бус байгууллагатай хамтран “Гэр бүлийн боловсрол” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, уриалгын төсөл боловсрууллаа. Уг уриалгыг аймгийн төр захиргааны болон ААНБайгууллагууд, сургууль цэцэрлэгүүдэд хүргүүлэв.
 “Авлигаас сэргийлэхэд иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн салбартай хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу Авлигад өртөх эрсдэл өндөртэй албан тушаалтнуудын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөв.
РС ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ, ОРОН СУУЦНЫ БАЙРАНД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРАВ
  “Орон сууцны нэг давхарт байрлах зочид буудал, РС тоглоомын газрын үйл ажиллагаа”-ны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид Орон сууцны нэг давхарт байрлах РС тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэсэн санал өгөв. Үүнтэй зэрэгцэн Орон сууцны нэг давхарт байрлах РС тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмыг Засгийн газрын хуралдаанаас гаргав.
 Мөн иргэдийн саналын дагуу холбогдох байгууллагууд хамтран “Дэн буудал” хэсэгчилсэн арга хэмжээг   зохион байгуулж,  нийтийн эзэмшлийн орон сууцны байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 18 дэн буудлыг цуцлуулах,  ажиллах нөхцлийг нь өөрчлүүлэхээр  “Нийтийн эзэмшлийн орон сууцны  байранд зочид буудал       /Дэн буудал/-ын  үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай”  Дархан сумын Засаг даргын 2014 оны 05 сарын 30-ны өдрийн  230 тоот захирамжийг гаргууллаа.


ХОТЫН НОГООН БҮСЭД ХАРИУЛАГАГҮЙ МАЛ ОРУУЛСАН ТОХИОЛДОЛД БОД МАЛААР ТОРГОНО
 “Хотын доторхи мал бүхий иргэдийн суурьшлийн бүсийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийн дараагаар Дархан сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, иргэдийн гаргасан саналд үндэслэн хотын ногоон бүсэд хариулагагүй мал оруулсан тохиолдолд бод мал 50000, төл малд 20000, гахайд 30000 хүртэлх төгрөг байхаар торгууль ногдуулах тогтоолыг батлав. Хэрэв хориглосон газар төвийн районд удаа дараа малаа оруулж журам биелүүлээгүй нөхцөлд албадан нүүлгэх арга хэмжээ авахаар болов.

ИРГЭНИЙ ТАНХИМД- ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ:

  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авав.  Саналыг хууль тус бүрээр нь нэгтгэж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.
  •  Хууль зүйн яамнаас боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн/ найруулгын төсөл, түүний үзэл баримтлалд санал өгөв.
  •  Дархан, Хонгор суманд Сум хөгжүүлэх сангийн зээлийн ил тод байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт аймгийн Аудитын газрын шинжээчийг оролцуулан зөвлөмж өгөв.
  •  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хэлэлцүүлгийг жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн аж ахуй эрхлэгчдийн дунд зохион байгуулж, 70 гаруй иргэн хамрагдлаа.
  • Жолоочийн даатгалын тухай асуудлаар Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 50 гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч, иргэдийг оролцуулав.
  • Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Дэлгэрзааяа, хурлын дэргэдэх Иргэний танхимын зохион байгуулагч Н.Цээпил нар ажиллаж, Иргэний Танхимын үйл ажиллагаатай танилцав.
  • Дархан-Уул аймгийн сумд “Иргэний танхим” –тай болж, иргэдийн санал хүсэлтийн мөрөөр ажил зохион байгуулж хэвшээд байна. Мөн Дархан сумын багууд багийнхаа төвд “Иргэний танхим” байгуулан ажиллаж эхлэлээ.
  • “Дархан хотын хот байгуулалтын цаашдын бодлого, төлөвлөлт” нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хот байгуулалтын сургалтанд хамруулах, Хотын хөгжлийн суурь судалгааг боловсруулах, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн саналын авах, Хотын хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээлж байх зэрэг асуудлаар санал гаргалаа.
  • “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу 2014 онд залуусын дунд 2 удаагийн уулзалт зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дэргэд Залуучуудын зөвлөх хороог байгууллаа. Тус хорооноос “Let's Lead” конференц, "Зорилготой залуу хүний нэг өдөр" сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, номын клуб байгуулан ажиллаж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%