Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ЕВРОПЫН ХАРТИ

2018-04-20

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ЕВРОПЫН ХАРТИ
Орон нутгийн өөрийн удирдлагын тухай Европын Харти нь орон нутгийн иргэд, тэдгээрийн сонгуульт байгууллагуудын эрхийг тунхагласан, олон улсын заавал биелүүлэх, орон нутгийн түвшинд ардчиллыг хэрэгжүүлэх талаар Европ төдийгүй олон улсын стандарт болсон анхны гэрээ юм. Харти анх 1985 онд батлагдсан бөгөөд одоо Европын Зөвлөлийн гишүүн 47 улс түүнийг соёрхон батлаад байна.
Уг Хартид нутаг дэвсгэрийн хамтлагуудын эрхийг баталгаажуулсан дараахь үндсэн зарчим, шаардлагууд тусгагдсан. Үүнд:
•    Орон нутгийн өөрийн удирдлагын зарчмыг дотоодын хууль, бололцоотой нөхцөлд үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөх;
•    Нутаг дэвсгэрийн хамтлагуудын ардчилсан үйл ажиллагаа;    
•    Нутгийн удирдлагын байгууллагуудад ногдуулж байгаа чиг үүргийг хангалттай санхүүжилтийн хамт шилжүүлэх;
•    Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдийн бие даасан байдал буюу нутгийн өөрийн удирдлагын хязгаарын дотор бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, өөрсдийн захиргааны бүтцийг тодорхойлох, чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах бололцоогоор хангах;
•    Орон нутгийн эрх барих байгууллагын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тухайн нутаг дэвсгэрт оршин суух иргэдтэй урьдчилан зөвлөхгүйгээр өөрчлөхгүй байх;
•    Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтын журмыг зөвхөн хуулиар тогтоох, захиргааны хяналтыг зөвхөн хууль, үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаагаар хязгаарлах;
•    Эрх барих бусад байгууллагын зүгээс хөндлөнгөөс оролцсон тохиолдолд шүүхээр хамгаалуулах эрхтэй.
Хартийг соёрхон баталсан орнууд түүний заалтуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Европын зөвлөлийн Конгресс гишүүн орнуудын засгийн газрууд эдгээр зарчмыг хэрхэн мөрдлөг болгож байгаад тогтмол хяналт тавьдаг.
“Харти” гэдэг нь эрх олгогч этгээд заагдсан эрхүүдийг хэрэгжүүлэх хүлээн авагч этгээдийн онцгой эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа баримт бичиг юм. Энд эрх олгогч нь өөрийн бүрэн эрхээ хадгалах, хүлээн авагч этгээд энэ харилцаанд хязгаарлагдмал статустай болохоо хүлээн зөвшөөрсөн утга давхар илэрхийлэгддэг. Латин хэлний charta гэдгээс дамжин эртний франц хэлэнд charte гэснээс улбаалан англи хэлэнд ‘charter’ хэмээн аливаа этгээдээс нөгөө этгээдэд эрх, эсхүл давуу эрх олгосон баримт бичгийг нэрлэдэг үг болж нэвтэрсэн байна. Уг баримт бичиг нь хэдийгээр олон улсын гэрээ боловч ‘гэрээ’, ‘дүрэм’ гэх мэтээр монголчлон орчуулах гэж оролдох нь дээрх хууль зүйн нарийн утгыг алдагдуулах талтай. Уг Хартийг Ц.Даваадулам англи эхээс орчуулж, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав хянан тохиолдуулсныг доор толилуулж байна.


ЕВРОПЫН ЗӨВЛӨЛ
Европын гэрээний цуврал No.122
ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ЕВРОПЫН ХАРТИ
Страсбург, 15.Х.1985

Удиртгал
Энд гарын үсэг зурсан Европын зөвлөлийн гишүүн орнууд,
Европын зөвлөлийн зорилго нь гишүүн орнуудын нийтлэг өв болсон туйлын зорилго, зарчмыг хамгаалахын тулд тэдний эв нэгдлийг улам нэмэгдүүлэх болохыг харгалзан,
Энэ зорилгыг биелүүлэх нэг арга зам нь захиргааны салбарт хэлэлцээр байгуулах явдал мөн гэдгийг харгалзан,
Орон нутгийн эрх барих байгууллага нь аливаа ардчилсан дэглэмийн гол сууриудын нэг болохыг харгалзан,
Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрх нь Европын зөвлөлийн гишүүн бүх оронд мөрдлөг болгодог ардчилсан зарчмуудын нэг болохыг харгалзан,
Энэхүү эрх нь орон нутгийн түвшинд хамгийн шууд хэрэгжинэ гэж үзэж,
Бодит чиг үүрэг бүхий орон нутгийн эрх барих байгууллага оршин тогтносноор иргэдэд үр нөлөөтэй, тэдэнд ойр захиргааг бий болгоно гэдэгт итгэж,
Европын орнуудад нутгийн өөрийн удирдлагыг хамгаалж, бэхжүүлснээр ардчиллын зарчимд үндэслэсэн, эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан нэг Европыг цогцлон бүтээхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг ухамсарлан,
Энэ нь ардчилалтайгаар бүрдүүлсэн шийдвэр гаргах байгууллагатай, өөрт нь оногдсон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, эрх мэдэл, хэрэгжүүлэх журам,  хөрөнгө мөнгөний хувь ихээхэн бие даасан байдалтай нутгийн өөрөө удирдах байгууллагатай байх гэсэн утга болохыг хүлээн зөвшөөрч,
Дараах зүйлсээр тохиров:
1 дүгээр зүйл
Талууд уг Хартийн 12 дугаар зүйлд заасан нөхцөлөөр дараах заалтуудыг заавал дагаж мөрдөхөөр хэлэлцэн тохирсон болно.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
2 дугаар зүйл – Орон нутгийн өөрийн удирдлагын үндсэн хуулийн болон эрх зүйн үндэс
Орон нутгийн өөрийн удирдлагын зарчмыг дотоодын хууль, боломжтой нөхцөлд үндсэн хуулиар хүлээн зөвшөөрнө.
3 дугаар зүйл – Орон нутгийн өөрийн удирдлагын тухай ойлголт
1.    Орон нутгийн өөрийн удирдлага гэдэгт нутгийн өөрөө удирдах байгууллагаас төрийн хэргийн үлэмж хэсгийг хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд, өөрийн хариуцлага дор, орон нутгийн хүн амын ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулах, удирдах эрх, чадамжийг ойлгоно.
2.    Энэхүү эрхийг нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргасан сонгуулийн дүнд сонгогдсон гишүүдтэй, зөвлөл, эсхүл ассемблей (хурал) хэрэгжүүлнэ. Зөвлөл, эсхүл ассемблей нь өөрт нь тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай байж болно. Энэ нь хуульд заасан тохиолдолд иргэдийн хурал, санал асуулга буюу иргэдийн шууд оролцооны бусад хэлбэрийг ашиглахыг үгүйсгэхгүй.
4 дүгээр зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ
1.    Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн бүрэн эрхийг үндсэн хууль, хуулиар тогтооно. Гэхдээ энэ заалт нутгийн өөрөө удирдах байгууллагад хуульд заасны дагуу тодорхой зорилтыг биелүүлэх бүрэн эрх олгоход саад болохгүй.
2.    Нутгийн өөрөө удирдах байгууллага хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд, өөрийн бүрэн эрхэд хамаарах, өөр байгууллагад ногдуулснаас бусад, аль ч асуудлыг өөрийн санаачилгаар бүрэн бие даан шийдвэрлэх, үйл ажиллагаа чөлөөтэй явуулах эрх эрхтэй.
3.    Нийтийн чиг үүргийг аль болох иргэнд хамгийн ойр захиргааны нэгж хэрэгжүүлнэ. Аль нэг чиг үүргийг бусад эрх барих байгууллагад шилжүүлэхдээ тухайн ажлын хэмжээ, шинж байдал, үр ашигтай, хэмнэлттэй байх шаардлагыг харгалзан үзэх ёстой.
4.    Нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон бүрэн эрх нь хангалттай бүрэн бөгөөд зөвхөн түүнд олгогдсон байна. Эдгээр бүрэн эрхэд төвийн болон бүсийн эрх барих байгууллага зөвхөн хуульд заасан хязгаарын дотор   халдаж, түүнийг хязгаарлаж болно.
5.    Төвийн болон бүсийн эрх барих байгууллага эрх мэдлээ шилжүүлсэн тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллага түүнийг аль болохоор орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх боломжтой байна.
6.    Аливаа төлөвлөлт, шийдвэр гаргах ажиллагаанд нутгийн өөрөө удирдах  байгууллагуудтай шууд хамааралтай бүх асуудлаар тэдэнтэй урьдчилан, зохих ёсоор зөвлөлдсөн байх шаардлагатай.
5 дугаар зүйл – Орон нутгийн эрх барих байгууллагын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хамгаалах
Орон нутгийн эрх барих байгууллагын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тухайн нутаг дэвсгэрт оршин суух иргэдтэй урьдчилан зөвлөлдөхгүйгээр өөрчлөхийг хориглох бөгөөд хэрэв хуульд заасан бол орон нутгийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэнэ.  
6 дугаар зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зохистой бүтэц, хөрөнгө нөөц
1.    Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хууль тогтоомжид заасантай харшлахгүй байдлаар өөрийн дотоод захиргааны бүтцийг орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үр нөлөөтэй удирдлагыг хангах зорилгоор тодорхойлох эрхтэй.
2.    Нутгийн захиргаанд ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл нь өндөр чадавхитай ажилтнуудыг, ур чадварын үндсэн дээр (мерит зарчим) сонгон шалгаруулах бололцоог хангасан байхын зэрэгцээ тэдэнд мэргэжлийн бэлтгэлээ хангах, цалин хөлсний нөхцөлөөр хангуулах, албан тушаал дэвших хангалттай боломжийг олгоно.
7 дугаар зүйл – Орон нутгийн түвшинд чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлүүд
1.    Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдийн эрх зүйн байдал нь тэдэнд чиг үүргээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олгох ёстой.
2.    Тэдэнд үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гаргасан зардлын нөхөн олговор, шаардлагатай тохиолдолд төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэсэн хугацаанд ногдох үндсэн цалин, нийгмийн даатгалын төлбөрийг нь нөхөн олгох, төлөөлөгчийн хувьд гүйцэтгэсэн ажилтай нь дүйцсэн урамшуулал, нийгмийн халамж олгоно.
3.    Орон нутгийн сонгуульт албан тушаал эрхлэхэд харшлах чиг үүрэг, үйл ажиллагааг хуулиар, эсхүл эрх зүйн суурь зарчмаар тодорхойлно.
8 дугаар зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналт
1.    Зөвхөн үндсэн хууль, хуульд заасан журмын дагуу, тэдгээрт заасан тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллагад захиргааны хяналт тавина.
2.    Аливаа захиргааны хяналт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зөвхөн хууль, үндсэн хуулийн зарчимд нийцсэн байдлыг хангахад чиглэнэ. Гэхдээ дээд шатны эрх барих байгууллагаас нутгийн өөрөө удирдах байгууллагад шилжүүлсэн үүргийн хэрэгжилтэд захиргааны хяналт хийгдэнэ.
3.    Нутгийн өөрөө удирдах байгууллагад захиргааны хяналт тавьж буй этгээдийн авч буй арга хэмжээ нь хамгаалах гэж буй эрх ашгийн ач холбогдлоос хэтрээгүй байхаар захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх үүсвэр
1.    Нутгийн өөрөө удирдах байгууллага нь үндэсний эдийн засгийн бодлогын дагуу, өөрийн бүрэн эрхийн хүрээнд чөлөөтэй зарцуулах хангалттай санхүүгийн эх үүсвэртэй байх эрхтэй.
2.    Нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх үүсвэр нь түүнд үндсэн хууль, хуулиар ногдуулсан чиг үүрэгтэй нь дүйцсэн байна.
3.    Нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх үүсвэрийн дор хаяж хэсэг нь орон нутгийн татвар, төлбөрөөс бүрдэх бөгөөд хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг өөрчлөх эрхтэй байна.
4.    Санхүүжилтийн тогтолцоо нь хангалттай олон талтай, уян хатан, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд гарах зардлын бодит өсөлттэй аль болох уялдсан, орон нутгийн өөр хоорондоо ялгаатай байдал, үнийн өсөлтийг тооцсон байна.    
5.    Санхүүгийн хувьд сул нутаг дэвсгэрийн нэгжүүдийг хамгаалахын тулд орлогын эх үүсвэрийн тэнцвэртэй бус байдлын үр дагаврыг залруулах,  санхүүгийн дарамтыг багасгахад чиглэсэн санхүүжилтийн тэнцвэржүүлэлтийн журам, эсхүл түүнтэй адил арга хэмжээгээр дэмжинэ.
6.    Төсвийг хуваарилах арга замын талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай зохих ёсоор зөвлөлдсөн байна.
7.    Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад олгож байгаа дэмжлэг нь тодорхой төслүүдийг санхүүжүүлэх тусгай зориулалттай байж болохгүй. Дэмжлэгийн нөхцөл нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бодлого тодорхойлох нутгийн өөрөө удирдах байгууллагуудын суурь эрх чөлөөг хязгаарлаж болохгүй.     
8.    Хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авахын тулд нутгийн өөрөө удирдах байгууллагууд хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үндэсний хөрөнгийн зах зээлд оролцох эрхтэй.
10 дугаар зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эвлэлдэн нэгдэх эрх
1.    Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах, нийтлэг ашиг сонирхлын үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүднээс, хуулийн хүрээнд, консорциум байгуулах эрхтэй.
2.    Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор эвсэл, холбоонд нэгдэх, нутгийн удирдлагын олон улсын холбоонд нэгдэхийг улс бүр хүлээн зөвшөөрнө.
3.    Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь хуулиар тогтоосон нөхцөлийн доор бусад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах эрхтэй.
11 дүгээр зүйл – Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулийн хамгаалалт
Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, үндсэн хууль, эсхүл дотоодын хуульд заасан нутгийн өөрийн удирдлагын зарчмыг хүндэтгэх зорилгоор шүүхээр хамгаалуулах эрхтэй.
ХОЁРДУГААР ХЭСЭГ – Бусад зүйлс
12 дугаар зүйл – Заавал биелүүлэх заалтууд
1.    Тал бүр тус Хартийн Нэгдүгээр хэсгийн дор хаяж хорин заалтыг заавал биелүүлэх үүрэгтэйд тооцогдоно. Үүнээс дараах заалтуудаас дор хаяж арвыг нь сонгосон байна:

-    2 дугаар зүйл
-    3 дугаар зүйл, 1 ба 2 дахь хэсэг
-    4 дүгээр зүйл, 1, 2 ба 4 дэх хэсэг
-    5 дугаар зүйл
-    7 дугаар зүйл, 1 дэх хэсэг
-    8 дугаар зүйл, 2 дахь хэсэг
-    9 дүгээр зүйл, 1, 2 ба 3 дахь хэсэг
-    10 дугаар зүйл, 1 дэх хэсэг
-    11 дүгээр зүйл.

2.    Гэрээнд оролцогч Улс бүр соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрээ илгээхдээ дээрх заалтуудын алийг нь сонгосон тухайгаа Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
3.    Аливаа Тал тус Хартийн дээрх зүйлийн нөхцөлд зааснаас бусад заалтуудыг заавал биелүүлэхээр үүрэг авч, энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад хүссэн үедээ мэдэгдэж болно. Эдгээр нэмэлт заалтыг Талаас соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрийн салшгүй хэсэг хэмээн үзэх бөгөөд хүчин төгөлдөр хугацаа нь  Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл ирүүлсэн өдрийн дараа сарын нэг дэх өдрөөс тооцогдоно.
13 дугаар зүйл – Хартийн үйлчлэл хамаарах эрх барих байгууллагууд
Тус Хартид тусгагдсан нутгийн өөрийн удирдлагын зарчим тухайн Талын нутаг дэвсгэр дэх нутгийн өөрөө удирдах бүх байгууллагад хамаарна. Гэхдээ Тал бүр соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрээ ирүүлэхдээ Хартийн үйлчлэл хамаарах, эсхүл үл хамаарах орон нутгийн, эсхүл бүсийн эрх барих байгууллагын төрлийг зааж болно. Мөн Хартид нэмж хамааруулах орон нутгийн, эсхүл бүсийн эрх барих байгууллагын төрлийг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно.
14 дүгээр зүйл – Мэдээлэл хүргүүлэх тухай
Тал бүр тус Хартид заасан нөхцөлүүдийг хангах чиглэлээр гаргасан хуулийн заалтууд болон бусад холбогдох бүх мэдээллийг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлнэ.

ГУРАВДУГААР ХЭСЭГ – Бусад зүйлс
15 дугаар зүйл – Үзэглэх, соёрхон батлах, хүчин төгөлдөр болох
1.    Энэ Хартид Европын зөвлөлийн гишүүн бүх Улс гарын үсэг зурах нээлттэй. Үүнийг соёрхох, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах аль ч байдлаар хэрэгжүүлж болно. Соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрийг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга хадгална.
2.    Энэхүү Харти нь Европын зөвлөлийн гишүүн дор хаяж дөрвөн Улс Хартийн өмнөх зүйлд заасан нөхцөлийг баримтлахаа илэрхийлснээс хойш гурван сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
3.    Хартийг мөрдөхөөр хүсэлтээ илэрхийлсэн дараагийн гишүүн Улсын хувьд  соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрээ ирүүлснээс гурван сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
16 дугаар зүйл – Нутаг дэвсгэрийн заалт       
1.    Үзэглэх үеэр, эсхүл соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл элссэн тухай шийдвэрээ ирүүлж байгаа аль ч Улс тус Хартийн үйлчлэл хамаарах нутаг дэвсгэрийн нэгжийг зааж болно.
2.    Аль ч Улс хүссэн үедээ Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт гарган Хартийн үйлчлэлийг хүсэлтэнд зааснаар бусад нутаг дэвсгэрийн нэгжид өргөжүүлж болно.
3.    Дээрх хоёр зүйлийн дагуу нутаг дэвсгэрийн нэгжийн талаар гаргасан хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл гаргах замаар цуцалж болно. Цуцалсан шийдвэр нь уг мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас зургаан сарын дараагийн сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
17 дугаар зүйл – Гэрээг цуцалснаа албан ёсоор зарлах
Энэхүү Хартийн аль ч Тал Харти түүний хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 жил өнгөрсний дараа хүссэн үедээ цуцалж болно. Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад зургаан сарын хугацаатай мэдэгдэл өгнө. Ийнхүү цуцлах нь  талууд дөрвөөс доош болоогүй нөхцөлд Хартийн бусад Талуудын хувьд хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй.
Аль ч Тал 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэд зүйлийн тоо, төрлийг заавал биелүүлэх үүргээ хадгалсан тохиолдолд дээрх заалтын дагуу Хартийн Нэгдүгээр хэсгийн аль ч зүйлийг цуцалж болно. Аль нэг зүйлийг цуцлахдаа 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тавигдсан шаардлагыг хангаагүй бол Хартийг бүхэлд нь цуцалсанд тооцно.
18 дугаар зүйл – Мэдээлэл хүргүүлэх
Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Европын зөвлөлийн гишүүн Улсуудад дараах мэдээллийг хүргүүлж байна:
a.    Шинээр гарын үсэг зурсан;
b.    соёрхсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан шийдвэрийг хүлээн авсан;
c.    15 дугаар зүйлийн дагуу Харти хүчин төгөлдөр болох хугацаа;
d.    12 дугаар зүйлийн 2 ба 3 дахь хэсгийн дагуу хүлээн авсан мэдэгдэл;
e.    13 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдэл;
f.    Тус Хартитай холбоотой аливаа шийдвэр, мэдэгдэл, эсхүл мэдээлэл.

Гарын үсэг зурахаар бүрэн итгэмжлэгдсэн гэрчүүдийн өмнө энэхүү Хартид гарын үсэг зурав.   
Страсбургт 1985 оны 10 дугаарын 15-ны өдөр англи, франц хэлэнд үйлдэгдсэн бөгөөд аль аль нь ижил хүчин төгөлдөр, зөвхөн нэг хувийг Европын зөвлөлийн архивт хадгална. Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Европын зөвлөлийн гишүүн Улс бүрт баталгаат хуулбарыг хүргүүлнэ.

 
 
 
         
 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%