Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо Өвөрхангай аймагт ажиллаж байна

2018-04-23

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О Сын Хо, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пэк Гён Чел, Монгол-Солонгосын хамтарсан Найрамдлын төвийн дарга Пак Сон Сүк нар орчуулагчийн хамт 4 сарын 22, 23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллаж байна.

Тэд айлчлалынхаа хүрээнд Арвайхээр хотын ерөнхий байдалтай болон Ким Ир Сений нэрэмжит 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Өвөрхангай аймагт өөрийн биеэр хүрэлцэн ирж, аймгийн хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулан ажиллахаа илэрхийлж буй зочид, төлөөлөгчдөд  ИТХ-ын дарга А.Ишдорж талархал дэвшүүлэн ажлын амжилт хүслээ. Засаг дарга Г.Ганболд Өвөрхангай аймгаа танилцуулж, хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэнд болон барилгын компаниудад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.

Элчин сайд О Сын Хо Арвайхээр хоттой танилцах үеэрээ цаашид  хамтран ажиллахаар зүйл цөөнгүй байгааг харснаа хэлж, эхний ээлжинд барилга, газар тариалангийн чиглэлээр туршлага солилцон ажиллахаа илэрхийллээ. Мөн Ким Ир Сений нэрэмжит 1 дүгээр цэцэрлэгийг “Хоёр улсын найрамдлын гүүр” хэмээн үнэлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа ч хэлэв. Энэ жил БНАСАУ тунхагласны 70 жил, Монгол-Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон чухал он жил болж байгааг тэрбээр онцлоод хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа Өвөрхангай аймагтай хамтрах ажилд ЭСЯ-аас хүчин чармайлт гарган ажиллана гэсэн юм.

 Б.Батчимэг