Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрдэнэ-Зуу музейн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар хэлэлцлээ

2018-04-24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэ-Зуу музейн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тухай асуудлыг хэлэлцэж, орон нутгийн өмчлөлд хэвээр нь үлдээх нь зүйтэй хэмээн үзлээ. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор Эрдэнэ-Зуу музейн эд хөрөнгийг аймгийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд орон нутгийн өмчит төсвийн байгууллага юм.

2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 80 сая төгрөгөөр гал түймэр болон хулгайн дохиоллын төхөөрөмж,  дамжуулах станц, хяналтын теле камер, бусад хэрэгслээр тоноглон харуул, хамгаалалтыг сайжруулсан боловч өнөө үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа талаар аймгийн Соёл урлагийн хэлтсийн захирал Л.Пүрэвлхам хуралдааны үеэр хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Өвөрхангай аймгийн эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөрийн дөрвөн гол зорилтын нэг нь аялал жуулчлал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гол тулгуур цэг нь Эрдэнэзуу юм. Тиймээс “Эрдэнэ-Зуу” гэсэн хөтөлбөр гаргаж, ойр орчны болон дотоод завсар тохижилт, хадгалалт хамгаалалт, менежментийг сайжруулах талаар жил бүр хөрөнгө төлөвлөн авч явах нь зөв гэж үзэж байна” гэв.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас Эрдэнэ-Зуу музейг цагдаагийн хамгаалалтад авах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлан шийдвэрлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон орон нутгийн  төсвийн төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх тогтоолыг гаргалаа.

Одоогоор Эрдэнэ-Зуугийн цогцолбор нь дөрвөн талдаа “Асар хаалга” бүхий тус бүр нь 400 орчим метр урт хэрмэн хашаан дотор 20 гаруй эртний хийц загварын сүм, суварга, байгууламжтай байна. Музейн үзмэрийн танхим 9, хурал номын дуган 2, аж ахуйн зориулалттай дуган 3 байгаа юм. Музейн сан хөмрөгт 7464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт  бүтээл ажээ. Жилд дунджаар 50 орчим мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүний 50 орчим хувь нь гадаадын жуулчид байна.

Б.Батчимэг