Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит долоо дугаар хурал хуралдаж тус хурлаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд
Монгол Улсын Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор 2018 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоосны дагуу Өмнөговь аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханыг төрийн тахилгат болгож, төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх ёслолыг 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосны дагуу төрийн тахилгатай “Их Тахилгат хайрхан” уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжиллаа.
Мөн төрийн дээд шагналаар шагнагдахаар ирсэн иргэд, байгууллагын материалыг хэлэлцэж төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлж, шар цав, хүрдэт агуйн соёлын өвийн менежментийн төлөвлөгөөний явцын хэрэгжилттэй танилцлаа.