Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эцэг, эхчүүдийн аймгийн анхдугаар зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжлийн тухай хэлэлцэв

2018-05-01

Хүүхэд хүмүүжүүлэх талаар эцэг, эхтэй нь зөвлөлдсөн зөвлөгөөн Өвөрхангай аймагт анх удаа зохиогдлоо. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд “Гэр бүл - Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг, эхийн аймгийн анхдугаар зөвлөгөөн, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” аяны нээлтийг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан юм.

Уг үйл ажиллагаанд аймаг, сумд, агентлагийн удирдлагууд, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагууд, эцэг эхийн төлөөлөл бүхий 600 хүн оролцож, хүүхдийн хөгжил, төлөвшил, нийгэмшилд хэрхэн анхаарах талаар санал солилцлоо.

Зөвлөгөөнийг нээж, аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Бид хүүхдийнхээ урлаг, сурлагад хэт анхаараад хүмүүжлийг орхигдуулаад байна. 1990 оноос өмнө багш нар хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж, эцэг эхчүүдтэй ойр ойрхон уулзаж байнга ярилцаж, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хоёр талаас анхаардаг байсан бол одоо техник технологи хөгжиж, үүрэн телефон, гар утсаар чөлөөтэй холбогдож болох байтал багш, эцэг эхчүүдийн дунд амьд харилцаа байхгүй болсон байна. Үүнээс шалтгаалж хүүхдүүд худлаа ярьдаг, хичээл номоо тасладаг болсон” гэв.


Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж зөвлөгөөнд оролцогчдод хандан Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлдэг байсан арга ухааныг эцэг өвгөдөөсөө өвлөж аван өнөө цагийн шинжлэх ухаанч арга техниктэй хослуулж эзэмшихийг зөвлөлөө.

Өвөрхангай аймгийн нийт хүн ам 115684,  өрхийн тоо 34150 байгаагаас 42916 нь 0-18 насны  хүүхэд бөгөөд энэ нь нийт хүн амын 37 хувийг эзэлж байгаа юм. Он гарсаар найман хүүхэд амь насаа алдсан ба эцэг, эхийн хараа хяналт муугаас шалтгаалан ахуйн осол буюу халуун тогоонд түлэгдсэний улмаас амь насаа алдсан 2, хөгжлийн бэрхшээлтэй болсон 1 хүүхэд байгаа гэх харамсалтай мэдээлэл байна.

 “Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ умартдаг, хараа хяналтгүй орхидог эцэг эхчүүд байгаа нь сэтгэл зовоож байна” хэмээн ГБХЗГ-ын дарга Ж.Энх-Амар хэлж байв. Дэлхийн зөн ОУБ-аас “Гэрээр айлчлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрсдэлтэй 10 айлыг илрүүлэн холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд хүүхдийн эрхийн зөрчил буюу ээж нь хүүхдүүдээ хаяж явсан асуудал дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэгт 6, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 11 байгаа ба эцэг, эхийн хараа хяналт сул, ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотой хэмээн үзэж байна.

Зөвлөгөөнөөр эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ багш нар даатгаад орхидог тогтолцоог халж, хүүхдэдээ цаг гаргахыг уриаллаа. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, хүүхдэдээ цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг гэв. Мөн гэр бүлийн харилцаагаа дулаан уур амьсгалтай байлгах, цахим орчны зохистой хэрэглээ, сайн, муугаар нөлөөлөх хүчин зүйлсийг хариуцлагынхаа дагуу тооцоолж байхыг зөвлөв.

Б.Батчимэг