Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс Улсын Их Хурлаас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталжээ. Уг хуулиар хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль төрөөс батлан гаргах, төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, түүнчлэн олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байх асуудлыг хуульчилж, чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцааг зохицуулах алхам хийснээрээ ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэвлэл мэдээлийн тоо, цар хүрээ, нэр төрөл хурдтай нэмэгдэж, хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардах болсон. Үүний зэрэгцээ Монгол Улсад хэвлэл мэдээллийн хараат бус байдал алдагдаж, чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдах эрсдэл нэмэгдэж байна.
Сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдаж байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөө хумигдах, нийгэмд ёс суртахууны доройтол, хямрал, тогтворгүй байдал үүсч гүнзгийрэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хомс, сэтгүүл зүйн салбарт өөрийн зохицуулалтын механизм байхгүй байгаа нь байдлыг хүндрүүлж байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь зөвхөн төр, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан хязгаарлагдмал агуулгатай бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлууд үндсэндээ эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байна.
Иймээс Үндсэн хуулиар тунхагласан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилгоор  энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.

Хоёр. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн бүтэц

Хуулийн төсөл нь Нийтлэг үндэслэл, Хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа, Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт, Бусад зүйл гэсэн 6 бүлэг, 13 зүйлтэй.

Гурав. Хуулийн төсөлд тусгасан зарчмын өөрчлөлт

1.    Хараат бус байдал. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж ажиллана. Үүний зэрэгцээ редакц нь сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хангах, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг зохицуулахаар оруулсан. Нийтлэл нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хуулийн төсөлд хориглосон.

Төрөөс аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдан хянах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаал бий болгох, түүнийг санхүүжүүлэх болон эрх чөлөөг нь хязгаарласан дүрэм журам гаргахыг хориглохын зэрэгцээ төрийн байгууллага, албан тушаалтны хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны аливаа гэрээ хэлэлцээр олон нийтэд ил тод байхаар тусгасан. Түүнчлэн Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлахаас бусад тохиолдолд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулах, эзэмшихийг хориглосон болно.
2.    Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ил тод, нээлттэй байх, мөн тэдгээрт өөрчлөлт орох бүрт олон нийтэд мэдээлэх үүргийг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага төлбөртэй нэвтрүүлэгт ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг нийтлэх үүрэг хүлээнэ.
3.    Хэвлэл өөрийн зохицуулалттай байх. Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай байх бөгөөд энэ үүргийг үндэсний хэмжээнд нэг байх Хэвлэлийн зөвлөл гүйцэтгэнэ. Хэвлэлийн зөвлөлийн гол чиг үүрэг нь мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах байхаар тусгасан. Тус зөвлөлийн шаардлагатай нийт санхүүжилтийн 60 хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн татвар хандиваас, үлдсэн 40 хувийг төрөөс гаргахаар зохицуулсан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын харьцуулсан болон дотоодын хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар өргөн хүрээтэй судалгаа хийсний сацуу салбарын төлөөлөл, төрийн бус байгууллага, судлаачдыг өргөнөөр хамруулсан санал авах ажлыг зохион байгуулсан болно.


ХУУЛЬ САНААЧЛАГЧ

--оОо--