Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, хуульд заасан үндсэн болон журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулах”-аар заасан бөгөөд гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын гэр бүлийн холбоо сайн дурынх байх, гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлэхийг эрхэмлэх, төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж дууслаа.

Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 4-д “Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг одоогийнхоос илүү боловсронгуй болгож, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох”-оор, Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 2.1-д Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгахаар тус тус заасан билээ.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчилэн найруулж төслийг  боловсрууллаа.

Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд бүрнээ нийцэж байгаа бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг бодитойгоор хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчилгүйгээр, уялдааг сайжруулах үүднээс шинээр боловсруулж байгаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудын төсөлтэй уялдуулсан ба энэ хууль батлагдахтай холбогдуулан дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан болно. Үүнд:

1.    Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

4.    Иргэний хуульд нэмэлт оруулах тухай

5.    Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

6.    Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
7.    Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

8.    Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

9.    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль

10.    Улсын их хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл

Хуулийн төсөлд одоогийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар санал оруулж байгаа болно.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын  нийт 333 сум, 11 тосгон, 152 хороонд тухайн сум, хорооны Засаг даргын тамгын газраас цалинждаг 259 хөгжлийн нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа ба эдгээр ажилтнуудын 152 нь нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байна. Цаашид 201 хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг авч ажиллуулна гэж тооцоход жилд шаардагдах төсвийн тооцоо 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарч байна.

Бид Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн талаар холбогдох 15 яам, Хүүхдийн байгууллагаас 200 орчим санал ирснээс 120 орчим санал хуулийн төсөлд тусгагдаж 80 орчим саналыг  шаардлагагүй гэж үзлээ.



ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ