Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон.

Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ.

Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.

Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага,  судлаачид анхааруулсаар байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх  шаардлагын дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг   хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

Төсөл боловсруулахад 2013 онд АНУ-ын Минессота мужийн “Хүний Эрхийн Өмгөөлөгчид” байгуулага (Minosota Advocates for Human Rights), Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторинг болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн судалгааны төв,  Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас 2005 -2013 оны хооронд хийгдсэн 20 гаруй дүн шинжилгээ, судалгааны материалыг ашигласан.

Дээрх судалгаанаас гадна НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас болон Conrad N.Hilton Сан, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хөгжил Сангаас тус тус боловсруулсан  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай загвар хууль, АНУ, Канад, Албани, Япон, Өмнөд Африк, Вьетнам, Тайвань зэрэг улсуудын хууль, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн Зөвлөмжүүдийг  боловсруулалтын ажилд ашигласан болно.