Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2014-09-01

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцлийг бүрдүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хангахад чухал суурийг бүрдүүлэх учиртай.

Гэтэл бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэдийн улс төрийн идэвх өрнөж, соёл төлөвшиж буй өнөө үед тэднийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль санаачлагч, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Тус хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгалаа.

Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулахаар тусгасан.
 
Түүнчлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор  Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгав.

Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг  зохион байгуулахаар тусгав.

Мөрдөн шалгах сонсголын тухайд, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн болон Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор Улсын Их Хурлаас явуулна.  Улсын Их Хурлаас тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулахаар төсөлд заасан. 

Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заасан. Мөн Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах уян хатан зохицуулалтыг тусгав.

Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсгол явуулах үндэслэл журмыг Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзэж тус хуулиар зохицуулахаар тусгалаа.

Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан.

Хуулийн төслийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлнэ.

Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бий болж олон нийтийн оролцоотой хяналт тавих тогтолцоо бүрэлдэнэ.

Түүнчлэн орон нутагт хөгжлийн сангийн хөрөнгийг тухайн нутгийн иргэдийн оролцоотойгоор тэдний санал, санаачилгад тулгуурлан зарцуулах, хэрэгжилтэд олон нийт болон эрх бүхий албан тушаалтнаас тавих хяналтыг сайжруулахад нийтийн сонсгол чухал үүрэг гүйцэтгэж, тухайн асуудлаар илүү ухаалаг шийдвэр гаргахад чухал түлхэц болно.

ХУУЛЬ САНААЧЛАГЧ