Франц улсын Аллиер мужийн төлөөлөгчид Арвайхээр хотод албан ёсны айлчлал хийлээ. APPAU нийгэмлэгийн Гадаад харилцааны албаны дарга Véronique Hérupé, Bourbon-l'Archambault мужийн иргэн Corinne Lafort, Хөдөө аж ахуйн үндэсний дээд сургуулийн оюутан Guillaume Raimbault нар энэ сарын 06-11 өдрүүдэд Арвайхээр хоттой танилцаж, мал аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа айл өрхүүдээр орсон юм.Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас төлөөлөгчдийг Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн малчин С.Жанцанпунцагийнд зочлуулж, уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягтай танилцуулав. 2015 онд “Аймгийн аварга малчин”, 2017 онд “Аймгийн аварга саальчин” гэх эрхэм шагналыг авч байсан малч гэр бүлд тэд хагас өдрийн турш саатан мал маллах, сүү цагаан идээ боловсруулах талаар асууж сонирхож байлаа.2017 онд Аллиер мужийн Тулуз хотын Хөдөө аж ахуйн үндэсний дээд сургуулийн оюутан Нина Жерон Хархорин суманд таван сарын хугацаатай ажиллаж байсан бол энэ удаа тус сургуулийн оюутан Guillaume Raimbault Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад ажиллахаар болов. Тэрээр Франц технологиор бяслаг үйлдвэрлэхийг малчин эмэгтэйчүүдэд зааж өгөх юм. “Монгол үхрийн сүү илүү тослогтой ч Франц технологиор бяслаг хийж болно гэж бодож байна. Мөн Монголд бяслагийг хатааж хэрэглэдэг, тэгвэл хатаахгүй хэрэглэх аргыг зааж өгнө” гэж байлаа.
Мөн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өрхийн аж ахуй эрхлэж буй иргэн Г.Энхбаатарынд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тэднийх 4 га талбайд улиас, шар хуайс, тавилгана зэрэг мод бут, үхрийн нүд, мойл, чацаргана зэрэг жимс жимсгэнэ тариж байна. “Арвайхээр сум нь талархаг хээрийн бүсэд оршдог учраас газар тариалан эрхлэхэд ус нэн тэргүүний тулгамдсан асуудал болдог. Тиймээс хамгийн түрүүнд худаг ухуулж усалгааны асуудлаа шийдчихээд мот бут, жимс жимсгэнэ тарих ажилдаа орсон” гэж Г.Энхбаатар хэлэв. Францын төлөөлөгчид “Монголын цаг агаар хатуу, хуурайшилт ихтэй юм. Тийм болохоор тарьж байгаа зүйлээ маш их услах шаардлагатай” гээд харилцан туршлага солилцов.
Corinne
Lafort нь өөрийн муждаа эдлэн газартай
бөгөөд төрөл бүрийн ногоо, мод бут тарьж ургуулдаг аж. Францад жишиг талбай
ажиллуулах өрсөлдөөн бий болж, нэгэндээ туршлага хуваалцах, зөвлөгөө өгөх
байдлаар газар тариаланг хөгжүүлж байгаа болохыг тэрбээр хэлж байв. Өвөрхангайд
газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, туршлага судлах, шинэ сортын үр жимсээр
хангах зорилготой байгаа тул дараа удаан хугацаагаар ирнэ гэсэн юм.Өвөрхангай аймаг нь Аллиер мужтай 17 жилийн хамтын
ажиллагаатай ба эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр туршлага
солилцон ажиллаж ирсэн бол энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих,
хамгаалахад анхаарч ажиллах юм. Тиймээс төлөөлөгчид Арвайхээр хот дахь тусгай
бүлгийн 11 дүгээр цэцэрлэгээр орж, үйл ажиллагаатай нь танилцан шаардлагатай тоног төхөөрөмжөөр
туслах, хөдөлгөөн заслын эмчийг өөрийн улсдаа сурган
дадлагажуулахаар амлав.
APPAU
нийгэмлэгийн Гадаад харилцааны албаны дарга Véronique Hérupé айлчлалынхаа үеэр “Өвөрхангайн
алдартан” цол тэмдгийг Өвөрхангай аймгийн Засаг даргаас гардан авлаа.
Б.Батчимэг